У.Хүрэлсүх МАН доторх 32, 33-ын хуваагдал гэх яриа эцэс болж байгааг зарлав

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал хоёр өдөр Соёлын төв өргөөнд хуралдаж намын шинэ даргаа сонгов. Монгол Ардын Намын даргад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өрсөлдсөнөөс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 1261 төлөөлөгчийн 63.1 хувийн санал авч Монгол Ардын Намын даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр монголын улс төрийн ууган хүчин МАН-ын 15 дахь даргаар сонгогдож байна.

 У.Хүрэлсүх МАН-ын даргын тамгаа авсаны дараа "Өнөөдрийн МАН-ын Их хурлаар МАН-ын дарга гэсэн хариуцлагатай үүргийг өөрийн журмын нөхөр М.Энхболдоос хүлээн авч байгаа даа баяртай байна. УИХ-ын дарга М.Энхболд таньд амьралд тань хамгийн сайн сайхныг хүсье. Мөн надтай өрсөлдсөн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа таньд мөн баяр хүргэж, амжилт хүсье.
 
МАН бол Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжлийн төлөө байгуулагдсан нам юм. Ази номхон далайд байгуулагдсан анхны нам билээ. Энэ нам бол эцэг нам. Ард түмнийхээ тусгаар тогтнолыг байлдаж олж авсан түүхэн нам билээ. 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлаж, Монгол Улсыг бүгд найрамдах засаглалтай болгосон юм.
 
1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд энэ намын аавын хүүхдүүд алтан амь, бүлээ цусаа зориулсан нам. Атар газрыг эзэмшиж, аж үйлдвэрийг байгуулж, соёл урлагийг түгээж, сонгодог урлагийг дэлгэрүүлж сансарт хүн нисгэж чадсан чадсан нам юм. 1961 онд Тусгаар тогтносон төрийнхөө соёмбот далбааг НҮБ-ын индерт намируулж, дэлхийн бүрэн эрхт гишүүн орон болгож чадсан нам бол МАН юм. 1990-ээд оны өөрчлөлт байгуулалт, улс орондоо Ардчилалыг бий болгож, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж нэг нэгнээ шинэ нийгэмд уриалсан ийм түүхэн хариуцлагатай цаг үеийг МАН санаачилж удирдан зохион байгуулж, Ардчилсан монгол орныг байгуулсан ийм улс төрч байгаа юм аа.
 
1992 онд Монгол Улсынхаа дөрөв дэх Үндсэн хуулийг батлаж, улс орондоо нийгэм, улс, эдийн засгийн шинэчлэлийг хийж оюун санааны асар том өөрчлөлтийг хийж чадсан нам бол МАН юм. Энэ улсын төлөө аавын хөвгүүд дайны цагт цусаа урсгаж, энхийн цагт хөлсөө урсган байж өнөөдрийн тусгаар тогтнолыг бий болгосон юм шүү. МАН-д бидний өвөг дээдсийн ариун сүр сүлд оршин тогтонодог гэдгийг хэлэхийг хүсч байна. Энэ аугаа түүхт намын даргаар би сонгогдлоо. Надад асар өндөр хариуцлага, ачаа ирлээ гэдгийг би бие сэтгэлээрээ мэдэрч байна.
 
Улс орны нөхцөл байдал хүнд, нам доторх байдал хэцүү ийм үед би намын дарга болж байна. Намын Их хурлаа бид 210 мянган гишүүдийн төлөөлөгчдийн хамтаар магтаал, сайшаал, зэмлэлийн хамтаар бүгдийг нь сонсож хийлээ. МАН бол эв нэгдэлтэй нам. МАН бол Монгол гэдэг айлын ууган хүү юм. Тиймээс улс орны цаашдын хувь заяа манай намтай салшгүй холбоотой. Тиймээс би МАН-ын эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлага надад давхар оногдож байна. МАН доторх 32, 33-ын хуваагдал гэх яриа өнөөдрөөр эцэс болж байна гэдгийг зарлая. Би энэ үүрэг даалгаварыг биелүүлэх болно. МАН-ын үе үеийн дарга нар, бидний ахмадууд маань энд сууж байна. Миний үе тэнгийнхэн, бидний дүү нар энд сууж байна. МАН ямар эв нэгдэлтэй, ямар хүч чадалтай нам бэ гэдгийг харуулах цаг болсон. 2020 оны сонгуульд бид амжилттай оролцох ёстой. Амлалтаа биелүүлэх ёстой. Бидэнд өгсөн ард түмний итгэлийг бид алдахгүйн тулд хичээх ёстой. МАН-ын даргын хувьд би чөмгөө дундартал ажиллах болно гэдгээ хэлье. Монгол Улс, МАН, Ардын Засаг мандтугай" хэмээн хэлжээ.


Ухнаагийн Хүрэлсүхийн товч намтар:
 

Боловсрол:
 

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
  • 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:
 

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  • 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаад өдгөө МУ-ын 30 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байгаа юм. 

zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх