ТУСГАЙ ХАМГАЙЛАЛТТАЙ НУТАГ ДЭВСГЭРИЙН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ОХУ-Д БОЛЛОО

ОХУ-ын Сочи хотноо Тусгай хамгайлалттай нутаг дэвсгэрийн асуудлаар олон улсын форум 2017 оны 9 сарын 29-нөөс 10 сарын 1-ний өдрүүдэд боллоо. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамнаас Экологийн жилийн хүрээнд Орос гүрэнд тусгай хамгаалалттай нутгийн систем үүсэн хөгжсөний 100 жилд зориулан “100 жил байгалиа хайрлан хамгаалж байна” уриан дор зохион байгуулав. Ерөнхий хуралдаанд ОХУ-ын ДУМ-ын дарга Дмитрий Медведев, шадар сайд Александр Хлопонин нар мэндчилгээ ирүүлжээ.

Форумын нээлтэнд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, хэлсэн үгэндээ Орос оронд 100 жилийн тэртээ “Баргузины дархан цаазат газар” анх байгуулагдсанаар байгалийг хайрлан хамгаалах агуу их систем байгуулагдах анхны алхам тавигджээ. Эдүгээ Орос орны ТХГН-ын сүлжээнд нийт нутаг дэвсгэрийн 13 хувийг (62.5 сая га талбайг) эзэлсэн 103 дархан газар, 51 үндэсний парк, 58 нөөц хамаарагдаж, 10000 гаруй мэргэжилтэн ажиллаж байна гээд ТХГН-ыг хөгжүүлэх төлөвлөгөө, ойрын ирээдүйн зорилтын талаар илтгэсэн байна.

ОХУ байгаль хамгаалах асуудлаар олон улсын хэмжээнд амжилттай хамтран ажиллаж, нийт 71 нутаг дэвсгэрийг олон улсын зэрэглэлийн тусгай хамгаалалтанд бүртгүүлсний 14 нутаг дэвсгэрийг сүүлийн 10 жилийн хугацаанд оруулжээ.  Сүүлийн жилүүдэд экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, энэ чиглэлээр тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг онцлон авч үзсэн байна. ОХУ-д 2017 онд 7 нутаг дэвсгэрийг улсын хэмжээний,  73 нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах юм байна.

Энэхүү форумд НҮБ, ЮНЕСКО, Казахстан, Монгол, Беларусь, Финлянд, Иран зэрэг орнуудын төлөөлөгчид оролцож байгаагийн дотор Монголын БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа оролцон, сайд Д.Оюунхоролын мэндчилгээг уламжилж, удахгүй Улаанбаатар хотод болох “Хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаарх Монгол-Оросын хамтарсан комиссын 7 дугаар хуралдаан”-ны талаар уг хуралдаанд ирж оролцох уг комиссын  оросын хэсгийн  дарга, ОХУ-ын Байгалийн нөөц ашиглалтын Холбооны хяналтын албаны орлогч дарга А.М.Амирхановтай уулзаж ярилцсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх