Байгалийн баялаг ихтэй, хүн ам цөөтэй орнуудад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлээд гайхамшигт хүрсэн жишээ бага

Сүүлийн үед Оросын судлаачид орон нутаг, улс орон, бүс нутаг тэр бүү хэл, тивийн хөгжлийн томоохон судалгаанууд хийж байгаа аж. Хэдийгээр судалгаа хийж байгаа хүмүүс нь оюутнууд боловч боловсруулагчид томоохон эрдэмтэд байдаг гэнэ. Дээрх судалгаанууд нь 1880 оны оноос оросуудад хуримтлагдсан судалгаан дээр тулгуурлаж ирсэн аж. Зарим судалгаанд манай улсын тухай цөөнгүй баримт байдаг бөгөөд тухайн үеийн эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх санал байдаг.

Хэдэн жилийн өмнө энэ талаар ажиллаж байсан нэгэн эдийн засагчийн яриа өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй аж. Түүний ярьснаар бол 1910 онд манай улс зөвхөн өөрийгөө тэтгэх хэмжээний мал аж ахуйн үйлдвэрлэлтэй байсан. Багахан хэмжээний хөдөө аж ахуйн түүхий эд Хятад руу гаргаж дотоодод үйлдвэрлэдэггүй бараагаар өөрийгөө хангаж иржээ. Харин 1921 онд ардын хувьсгал ялсны дараа Монголын сэхээтнүүд дотоодын аж үйлдвэртэй болох олон санааг гаргаж ирэв. Гэхдээ энэ нь улс төр болон эдийн засгийн таагүй нөхцлөөс болж хэрэгжих боломжгүй байсан. 1920-1930 онд нам төрийн эрхэнд байгаа олон албан тушаалтнууд барууныханд хандах оролдлого хийж байсан нь амиа алдах шалтгаан болсон гэдэг.

Тухайн үед Монголын сэхээтнүүд ямар нэгэн жижиг үйлдвэр биш, томоохон боловсруулах үйлдвэр барих саналыг олонтоо гаргаж байжээ. Тэдний хамгийн идэвхтэй гаргаж байсан саналууд нь хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр байсан аж. Мах, ноос, арьс шир боловсруулах зорилгоор томоохон үйлдвэрүүд барих саналыг улстөрчид, томоохон хөрөнгөтэй оросуудад тавьж байсан боловч өнөөг хүртэл дээрх баримтууд бидэнд байдаггүй юм байна. Сонирхолтой нь оросууд “Танайх шиг хүн ам цөөтэй, уудам нутаг дэвсгэртэй оронд том үйлдвэр байгуулах нь ашиггүй. Харин түүхий эдийн томоохон сүлжээтэй болох нь илүү ашигтай” гэсэн бодлогыг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 300 гаруй сум байгуулагдав. Тэр нь Засаг захиргааны нэгж гэхээсээ илүү нийгэмчилсэн их хэмжээний малын түүхий эдийг цуглуулах зорилго агуулж байсан аж. Энэ тогтолцооноос монголчууд ямар ч ашиг олоогүй тухай сэтгүүлч Г.Дашрэнцэн бичсэн байдаг. Түүний үзэж буйгаар Монголчууд амьд адуугаа Оросын тоглоомон модон мориор сольж байсан. Мөн 1990 онд ОХУ-ын монгол дахь элчин сайдын яамны ажилтан н.Билдушкинов гэдэг хүн Төв аймагт очихдоо олон жилийн турш монголчууд оросуудтай алдаатай наймаа хийж ирсэнийг ярьж байсан. Түүнээс “Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд жижиг дунд үйлдвэр байгуулж чадах уу” гэж асуухад “Одоо ч барууны социалист орнуудад жижиг дунд үйлдвэр эрхлэгчид байдаг. Харин Монголд боломжтой бол жижиг дунд үйлдвэр хөгжих л байсан байх” гэж хариулж байв.

Харин бид 1990 оноос хойш жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тухай ярьсан ч өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрсэнгүй. Үнэхээр оросууд биднийг түүхий эдийн бааз болгох гэж жижиг, дунд үйлдвэр хөгжүүлээгүй юу, эсвэл манай нөхцөлд жижиг, дунд үйлдвэр хөгжихгүй юу гэсэн асуулт гарна.

Манай улсад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж байдаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2009 оны тушаалаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн яамны харъяалалд чиг үүргийн дагуу шилжсэн боловч өнөөдөр ууган яамныхаа харъяанд буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор 24 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сангийн зорилго нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино. Энэ сангийн мэдээллээс харахад жижиг дунд үйлдвэрлэл 2015 онд 1993 ажлын байрыг хэвээр хадгалж, 1326 ажлын байр шинээр, 2016 онд 1784 ажлын байр хадгалж, 1248 ажлын байр шинээр нэмэгдүүлжээ.

Бас нэг сонирхолтой тоо бол 2011 онд найман мянга шахам ажлын байр шинээр бий болгосон ч 2012 онд 583 ажлын байр л шинээр үүсгэсэн байна. Эндээс харвал жижиг, дунд үйлдвэрийн байр нэмэгдэх эсэх шууд төсвөөс хараат гэж үзэж болно. Учир нь 2011 онд улсын төсөв маань уул уурхайн салбараас асар их орлого олсон. Харин 2012 онд уул уурхайн салбарын орлого хэд дахин буурсан байна. Энэ манай жижиг дунд үйлдвэр хөл дээрээ босоогүйгээр үл барам өнөөдөр ч босох ирээдүй бага гэдгийг харуулж байгаа аж.

Тэгвэл оросуудын дээр үед ярьж байсан жижиг дунд үйлдвэр монголд хөгжих боломжгүй гэсэн санаа үнэн үү гэсэн асуулт гарна. 100 жилийн өмнө монголчуудын амьдралын хэв маяг болсон хот айлын амьжиргаа нь тухайн үеийн ганц л зам байсан гэдэг. Харин өнөөгийн нөхцөлд асар их баялагтай, уудам нутгаар тархай суурьшсан, цөөн хүн улсын хувьд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх нь бараг үл бүтэх зүйл гэнэ. Гурван сая гаруй хүн амаас нэг сая гаруйхан нь хөдөлмөрийн идэвхтэй. Түүнээс 200 шахам мянга нь төсвийн мөнгөөр амьдрана. 250 гаруй мянга нь тэтгэврийн насных. 150 гаруй мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. 150 орчим мянган иргэд гадаадад ажиллаж, амьдардаг. Нийтдээ 800 мянга орчим өрхтэй. Хүн амын ийм бүтцээс жижиг дунд үйлдвэр байгуулах иргэд хэд гарах вэ гэдэг нь сонирхолтой. Жижиг үйлдвэрүүд байгуулаад хэнийг юугаар хангах вэ гэдэг нь бүр асуудалтай гэсэн тооцоо байна.

Өнөөдөр улс орон бүр дундаж давхаргыг бэхжүүлэх тухай ярьж байна. Гэхдээ дундаж давхарга гэж хэн бэ гэдэг ойлголт улс орон бүрт өөр байх нь тодорхой болж байна. Өндөр хөгжилтэй орнуудад том корпорациудад ажлын байртай иргэдийг дундаж давхарга гэж үзэж байна. Харин хүн ам олонтой Хятад, Энэтхэг гэх орнуудад өөрсдийнхөө амьжиргааг авч яваа иргэд дундаж давхаргад тооцогдох аж. Хүн ам ихтэй газар нутаг багатай орнуудад жижиг, дунд үйлдвэр иргэд байгуулж, багагүй үр дүнд хүрчээ. Гэхдээ энэ нь ихэнх тохиолдолд газар тариалан, хүнсний салбарт илүү үр дүнд хүрсэн байна. Харин байгалийн баялаг ихтэй хүн ам цөөтэй орнуудад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлээд гайхамшигт хүрсэн жишээ бага гэнэ. Жишээлбэл Кувейт, Катар гэх мэт байгалийн баялаг ихтэй орнуудын иргэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх тухай ойлголт бараг байхгүй гэнэ. Эндээс манай дундаж давхарга хэн байх вэ гэсэн асуулт гарна. Орлогоор тооцвол гадаадад ажиллаж байгаа 100 гаруй мянган иргэдийг тооцож болно. Төсвийн ихэнхийг бүрдүүлдэг цөөн тооны улсын болон хувийн компаний ажилчид, албан хаагчдыг тооцож болно. Дээр 1000 хүрэхгүй тоонд эргэлддэг улстөрчид дундаж давхаргад тооцогдож болох нь.

Харин малчдын ихэнх хувийг бүрдүүлдэг 200-300 малтай иргэд дундаж давхаргад тооцогдох эсэх нь маргаантай гэнэ. Манай улс нэг хүнд ноогдох малын тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл махны үнэ өндөр байгаа гэсэн гомдол байнга гардаг. Харин Монголд орж ирээд хорьхон жил болж байгаа гар утсаар өнөөдөр найман настай балчраас наян настай буурай хангагдсан. Гар утасны үйлчилгээний талаар гомдол гардаггүй. Хэргийн учир гар утасны дөрөвхөн том оператор зах зээл дээр өрсөлдөж байна. Тэд өдөр ирэх бүр үнээр өрсөлдөж, үйлчилгээ, гар утасны төрлөөр дайтаж байна. Гэтэл мал аж ахуйн салбарт 100 гаруй мянган малчин мах нийлүүлнэ. Тэдний хэрэгцээ махныхаа орлогоос давсан. Тэд махны үнэ бууруулах биш, өсгөх л сонирхолтой. Харин үүрэн телефоны компаниуд шиг томорсон мал аж ахуйн компаниуд байсан бол махны үнэ шалдаа буух боломжтой. “Тунгалаг тамир”-ын Итгэлт шиг 20 нөхөр байсан бол махны үнэ буураад зогсохгүй арьс шир, ноос, ноолуурын томоохон үйлдвэр байгуулна. Эндээс л манай дундаж давхарга үүснэ гэнэ. Саяхан Энэтхэгийн зээлээр нефть нэрэх үйлдвэр байгуулах тухай асуудал яригдсан. Миний мэдэхийн энэ тухай арав гаруй жил ярьж байгаа. Үнэн хэрэгтээ энэ хугацаанд нэг биш хэд хэдэн үйлдвэр барих мөнгө үрсэн. Харин эсрэгээр оросуудад 20 гаруй тэрбум төгрөгийг нефтийн бүтээгдэхүүнд өгсөн байдаг. Дээр нь зэс, ноос, ноолуур, мах, нүүрс боловсруулах үйлдвэр барих хангалттай боломж байсан. Зарим эдийн засагчдын тооцоогоор аравхан том боловсруулах үйлдвэр барьчихад л Монголын дундаж давхарга үүсчихнэ гэнэ. Энэ тохиолдолд л тэр 20 жил хайгаад байгаа жижиг, дунд үйлдвэр өөрсдөө гараад ирнэ гэнэ.