“Орост үйлдвэрлэв” ЭКСПО үзэсгэлэн худалдаа Монгол улсад болно

ОХУ Монгол улсын найрамдлын өдрүүдийн хүрээнд энэ оны 10-р сарын 2-5-ний хооронд Улаанбаатар хотноо “Орост үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах шийдвэрийг өнгөрсөн жил Новосибирск хотод болсон “Орос Монголын хамтын ажиллагаа-2016" форумын үеэр гаргасан бөгөөд Орос Монголын Засгийн газар хоорондын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын 20-р хуралдааны протоколд мөн тусгажээ. Уг үзэсгэлэн худалдааг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, Холбооны зөвлөлийн эдийн засгийн бодлогын хороо, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Монгол улсын УИХ, Засгийн газар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр явагдах бөгөөд Сибирийн Олон улсын хамтын ажиллагааны ассоциац, Мишээл- ЭКСПО үзэсгэлэнгийн төв зэрэг байгууллагууд зохион байгуулагчаар оролцох юм байна. ”Орост Үйлдвэрлэв” үзэсгэлэнгийн үеэр аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн техник, барилгын материал, инновацийн технологи, мэдээллийн технологи, тэр дундаа аюулгүй байдал, хамгаалалтын систем, ахуйн хими, бордоо, сав баглаа боодол, хүнсний бараа, ундаа, хувцас, гутал, гоёлын эдлэл, Гоо сайхан, Эрүүл мэнд, Биологийн нэмэлт бүтээгдэхүүн, Гэр ахуйн бүтээгдэхүүн, зэрэг бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх ажээ. Мөн үзэсгэлэнгийн  үеэр ажил хэргийн уулзалт, танилцуулга, хэвлэлийн бага хурал зэрэг бусад арга хэмжээнүүд болох бөгөөд Монгол улсын зүгээс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар хоёр орны худалдаа, эдийн засаг эрчимтэй хөгжихөд тус дөхөм болно гэж үзэж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх