Нийслэлийн Засаг даргыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгээс “Үндэсний мэдээллийн төвд” өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү энэ талаар хэлэхдээ: Өдгөө хотын даргаар ажиллаж буй Су.Батболд нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод 9 сарын хугацаа өнгөрлөө. Энэ бол хийе бүтээе гэж боддог хүнд бол хангалттай хугацаа юм.  Гэтэл Засаг дарга Су.Батболд өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд 15 тогтоолын төсөл санаачлан барьсан нь өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийнхээс 2 дахин бага үзүүлэлт юм. 2017 онд хэрэгжүүлэх 15 хөтөлбөр, 7 дэд хөтөлбөр байгаагаас одоогоор нэг нь ч НИТХ болон Тэргүүлэгчдийн хурлаар батлагдаагүй байна. Тэрээр ажилдаа санаачлага, хурд муутай байгаагаа мөнгө төсөв муу байна гэсэн үгээр хаацайлж, хариуцлагаас бултах оролдлого хийж байгаа нь илт байна. 2017 оны төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум буюу өнгөрсөн жилийн төсвөөс 50 тэрбум төгрөгөөр илүү батлагджээ. Ийм хэмжээний мөнгөөр 25 цэцэрлэг барьж болно. Өнөөг хүртэл Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын нэг ч ажил эхлээгүй байгаа гэдгийг  та бүхэн бэлхнээ мэдэж байгаа байх. Мөн шинээр томилогдсон хотын удирдлагууд шилэн дансаа бүрэн хөтлөхгүй байгаа нь нийслэлийн мэдээллийг хаалттай байдал руу оруулж байна. Өмнө нь хэрэгжиж байсан гэр хорооллын дахин төлөвлөлт болон бусад төсөл хөтөлбөрүүд  дахин хэрэгжих эсэх нь мэдэгдэхгүй байгаа нь бидний сэтгэл зовоож байна. Нийслэлчүүд бидэнд улс төржсөн талцал хэрэггүй, харин тодорхой шийдэл,  үр дүн, ажил хэрэгч санаачлага хэрэгтэй байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Ийм учраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг Нийслэлийн Засаг дарга Су. Батболдыг  бүрэн хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэж байна гэж хэллээ.                         

Ж.Тэмүүлэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх