ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ӨДРИЙГ МОНГОЛД АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

2018 оны 5-р сарын 6-ны Ням гарагт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр – Хаврын баяр 2018”-ыг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл санаачлан Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнтэй хамтран тэмдэглэн өнгөрүүллээ.

Анх удаа зохион байгуулагдаж буй “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр- Хаврын баяр 2018”-ыг дэмжиж олон байгууллага баярын жагсаалд оролцлоо. Улаанбаатар төмөр замын залуучуудын төв байгууллага, Монгол-Хятадын хамтарсан Олон Улсын Сургууль, “Их Засаг” Хуульзүйн Дээд Сургуулийн оюутан залуучууд, Залуу дугуйчин клубийн гишүүд, СХД-ийн 3-р хорооны иргэд болох “Орчны удирдагч” ТББ-ын 30 гишүүн 80 настай буурлаас 8 настай хүүхдээ дагуулаад байгаль орчноо хайрлан хамгаалах “Ногоон хариуцлага”-д нэгдлээ.

Арга хэмжээг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, МБОИЗ-ийн тэргүүн Б.Эрдэнэ, Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн дэд захирал Ү.Эрдэнэзул нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал, Их Шанзодба А.Ариунжаргал нар Монголын уламжлалт байгаль хамгаалах арга ухаан, Сав шимийн шүтэн барилдлагын талаар сонирхолтой лекцийг тавилаа.

“Ногоон дэлхий” хүүхэд залуучуудын урлагийн тоглолтод СУИС-ын оюутны холбоо, сонирхлын клубийн гишүүд, Монгол Улсын Консерватори, Сити Их сургуулийн оюутнууд, Г.В.Плехановын нэрэмжит ЭЗДС-ийн Улаанбаатар дахь салбарын дунд сургуулийн сурагчид, “Бяцхан мисс” ТББ-ын авьяаслаг охидууд өөрсдийн бэлтгэсэн хөтөлбөрөө толилууллаа.

Мөн Хаврын баярын гол үйл явдлын нэг нь “Ногоон экспо” байлаа. Монголын хог хаягдлуудын Үндэсний Холбооны гишүүн байгууллагууд болох “Төвшин сайхан төв”, “Хаягдсан эрдэнэс”, “Пластик центр” байгууллагууд, “Найдварын өргөө” ТББ, Гоёхон цэцэгсийн худалдааныхан оролцож бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ.

Тус экспогоор дамжуулан хог хаягдлыг дахин ашиглах, хог хаягдал гаргахгүй байх хүсэлтэй хэн бүхэнд ач холбогдолтой мэдээллийг олон нийтэд төвлөрсөн байдлаар хүргэхэд чиглэсэн. Тухайлбал, хаягдал өөхөн болон сүүлний тосоор саван, гялгар уутыг боловсруулж цэцгийн мандал, сандал, сонингийн цаасаар үзэмжтэй сав суулга, дурсгалын зүйлс зэргийг хийж бүтээдэг байна. Мөн хаягдлаа ангилж тушаах нь эдийн засгийн болон байгаль орчинд оруулах хувь нэмрийг онцолж байлаа.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн (МБОИЗ) гишүүд ихээхэн идэвх зүтгэл гаргаж, дэмжлэг үзүүлснийг онцолж байна. “Жасыл” ТББ-ын тэргүүн Ыкэнбай 500 ширхэг суулгац, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Хурц 80 ширхэг модны суулгацаар, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэсайхан, С.Амгаланбаатар “Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбоо”-ны Р.Баянбилэг, “Монгол Улсын мод хамгаалах төв”-ийн Д.Сарантуяа, “Эрин үе- Экологи хөгжил төв” ТББ-ын Г.Туул, “Тунза” ТББ-ын М. Оюунчимэг нар хандив болон техник туслалцаа үзүүлж дэмжин оролцсон бол Ажлын алба, “Гол мөрөн булаг шандын эхийг хамгаалах сан” ТББ-ын А.Оюунчимэг, “Уст Туулын төгөл”ББН-ийн О.Наранцогт, “Ногоон соёл иргэншил хөгжил сан”-ийн Г.Төмөрмөнх нар ерөнхий зохион байгуулагчаар ажиллаа.

ДЭЛХИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ӨДРИЙГ МОНГОЛД АНХ УДАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

“Дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн өдөр-Хаврын баяр 2018”-ыг амжилттай зохион байгуулахад гар бие оролцож, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн та бүхэнд МБОИЗ-ийн зүгээс талархал илэрхийлж байна.

“НОГООН ХАРИУЦЛАГА”-ЫН ТӨЛӨӨ ХАМТДАА !!!!!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх