Ирэх оны төсөв иймэрхүү янзаар зурагдаж байна

Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд ээлжит бусаар хуралдав. Бүлгүүдийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцжээ.

Төсөв  монголчуудын нэг жилийн санхүүгийн бяр бядыг илэрхийлж, хаанаас хэдийг олж юунд зарцуулах вэ гэдгийн тооцоолол. Монгол улсын нийт төсөв  тэрбум байтугай саяар яригдаж байсан цаг тийм  эртийнх биш.  Харин одоо бол их наяд гэсэн тоогоор илэрхийлэгдэж байгаагаас харахад төсөв үлэмжхэн хэмжээгээр тэлсэн гэсэн үг.  Өөрөөр хэлбэл олдог орлого маань ийм хэмжээгээр нэмэгджээ. Орлого нэмэгдсэн хэдий ч зарлага нь байнга давж, сүүлийн хэдэн жил төсөв байнга алдагдалтай явж ирсэн. Харин 2018 оны төсвийг батлахдаа төсвийн алдлагдлаа тодорхой хэмжээгээр бууруулж чадсан нь дэвшил.

2019 оны улсын төсвийн ерөнхий зураглалыг энэ өдрүүдэд хууль тогтоогчид хэлэлцэж эхлэх гэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөлөл УИХ-ын Төсвийн байнгын хороонд  очоод байна.

Энэ асуудлыг Байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд байгаа. Тэгэхээр  УИХ ойрын өдрүүдэд  улсын төсвийн асуудлаар  амьсгалах болж байна.  

Өргөн бариад байгаа үзэл баримтлалаас харахад  ирэх оны төсвийн нийт орлогыг 2018 онтой харьцуулахад бараг ¼-ээр буюу 1,9 их наядаар нэмэгдэж байгаа юм.  Ингэснээр төсвийн нийт орлого 8,8 наяд гэсэн тоогоор хэмжигдэх болж байна. Харин зарлага нь 10,9 их наяд болж байгаа нь төсвйн тэнцлийн алдагдал 2,1 ма наяд төгрөг болохоор дүр зураг харагдаж байна. Хэдийгээр ийм дүр зураг харагдавч төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурч байгаа юм байна.

Тэгэхээр алдагдлыг зугуухан бууруулах замаар тэглэх бодлого явж байгааг анзаарч болохоор байна гэсэн үг. Энэ тухайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн алдагдлыг бууруулах хандлагыг барьж байгаа” хэмээн тодотгосон. Түүний хэлж байгаагаар өмнөх 4 жилд агшчихсан эдийн засгийг тэлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ учир шалтгааны улмаас төсвийн алдагдлыг огцом бууруулах  боломж хязгаарлагдмал байгаа бололтой.

Төсвийн орлогыг ийм хэмжээгээр нэмэх эх үүсвэрийн тухайд  уул уурхайн бүтээгдэхүүний  үнийн  өсөлтөд түшиглэсэн төсөөлөл  байх шиг. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Уул уурхайн бүтээгдэхүүний  үнээс хамааралтай хий хоосон төлөвлөлт байх вий” хэмээн болгоомжлуулж  төсвийн төсөөлөлд орлогыг бодитой төлөвлөсөн зүйл харагдахгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа.

2019 он бол өнөөгийн эрх баригчдын хувьд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх, үргэлжлүүлэх жил байх нь тодорхой. Энэ утгаараа төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Мөн ийм хэмжээгээр зарлага бас нэмэгдэнэ.

Төсвийн хүрээний мэдэгдлээс харахад  нийт өрийн ДНБ-д эзлэх  хувь 10 орчим хувиар буурч байгаа гэжээ. Ингэснээр одоо 55 орчим хувьд хүрэх юм байна. Үүнээс гадна зээлийн үйлчилгээний төлбөрийг энэ онтой харьцуулахад 300 орчим тэрбум төгрөгөөр буурсан тухай тоо баримт дурдагдсан байна билээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн алдагдлыг тэг болгож оруулж ирж болж байна. Гэхдээ эдийн засгийг тэлэх шаардлага байна. Энэ оны эхний улирлыг харахад аж ахуйн нэгж байгууллагуудад мөнгөний эргэлтийн идэвхжил гарч  байна. Тэгэхээр энэ идэвхжлийг цааш нь үргэлжлүүлэх учиртай. Үүнээс гадна өндөр хүүтэй зээл, бондоор санхүүжих шаардлаггүй учраас төсвийн алдагдал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж тодотгожээ.

Эдийн засгийг уул уурхайгаас гадна хэрхэн олон тулгууртай болгох вэ гэдэг нь төсвийн бодлогоор харагдах ёстой. Манай улсын хувьд хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг эдийн засгийн  хоёр дахь, гурав дахь тулгуур болгож хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд төсвийн төсөөлөлд тодорхой орон зай эзэлж байгаа нь тодорхой.

Ирэх жилийн төсөвтэй холбоотой түлхүү яригдах асуудал бол Тогтворжуулалтын болон ирээдүйн сангийн асуудал байх  бололтой. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс орсон орлогыг төвлөрүүлж хуримтлуулах учиртай энэ хоёр санг жинхэнэ утгаар нь ажиллуулж  сангийн мөнгийг өр төлөхөд бус шаардлагатай төсвийн хүндрэлийг нөхөх агуулгаар нь ашигах асуудал яригдаж эхэлж байна.

П.Булган

Эх сурвалж: www.zaluu.com

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх