ДОНАЛЬД ТРАМП, ШИ ЖИНЬПИНИЙ ТОХИРОЛЦООГ ТОЙРСОН ЭРГЭЛЗЭЭ

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин “БНХАУ автомашины импортын тарифаа бууруулахыг зөвшөөрсөн” гэж мэдэгдлээ.

Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “twitter”-ээрээ үүнтэй төстэй мэдэгдэл хийжээ. Гэхдээ БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан төдийгүй энэ талаар албан бичгээр баталгаажсан гэрээ байхгүй гэж ажиглагчид онцолж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын Аргентинд хийсэн уулзалтын дараах хоёр талын албан мэдэгдлүүд хоорондоо харилцан адилгүй байгааг шинжээчид онцолж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын талын мэдэгдэлд 90 хоногийн заалт болон АНУ-аас импортлох хөдөө аж ахуй, эрчим хүчний бараа, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх талаар дурдаагүй байна.

Цагаан ордны Эдийн засгийн зөвлөх Ларри Кадлоу “БНХАУ бидэнд тийм ч нааштай амлалт өгч байгаагүй. Бас намайг БНХАУ-д айлчилж ирснээс хойш буюу 8, 9 дүгээр сард нөхцөл байдал дандаа урам хугалахаар байсан. Гэхдээ нэг зүйл хэлэхэд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин урьд өмнө байгаагүй их идэвх оролцоотой байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, оройн зоог барих үеэр маш нааштай зүйлс ярьж байсан. Бид өмнө нь сонсож байгаагүй зүйлсээ сонссон. Тиймээс маш том найдлага тээж байгаа. Удахгүй эцсийн үр дүн гарна гэж итгэж байна” гэж мэдэгдлээ.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ген Шуан “АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр талууд тарифын арга хэмжээ шинээр дахиж авахаа зогсоох зөвшилцөлд хүрсэн. Мөн өмнө тулгараад байгаа, санал зөрөлдсөн асуудлуудаа хэрхэн үр дүнтэй шийдвэрлэх талаар нөхцөлүүдээ ил болгосон. Хоёр талын ажлын хэсэг тохиролцсоны дагуу эдийн засаг, худалдааны харилцаагаа нэн даруй эргээд хэвийн горимд шилжүүлэх үүднээс харилцан ашигтай, бодитой хэлэлцээрт хүрэхийн тулд хичээнгүйлэн ажиллах болно” гэсэн байна.

АНУ, БНХАУ худалдааны асуудлаар түр зөвшилцөлд хүрсний дараа БНХАУ-ын экспортлогч компаниудын хувьцааны ханш өслөө. Тухайлбал, “Nike”, “Adidas”-ийн томоохон ханган нийлүүлэгчдийн нэг “Shenzhou International Group Holding” компанийн хувьцааны ханш 4.3 хувиар өсөж, “Hang Seng” индексэд өсөлтөөрөө тэргүүлсэн бол спортын бараа, бүтээгдэхүүн, тоглоом экспортлогч “Li & Fung” компанийн хувьцааны ханш 4.4 хувиар өсжээ. Хэдий тийм боловч талууд 90 хоног үргэлжлэх түр хугацааны зөвшилцөлд хүрсэн учраас заасан хугацаанаас хойш худалдааны маргаан дахин үргэлжилж магадгүй гэж “Guangzhou Jinhuamei Leather”, “Lung Cheong” зэрэг БНХАУ-ын үндэсний томоохон үйлдвэрлэгчид анхааруулж байна. 

Эх сурвалж: bloomberg

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх