УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргажээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас гарсанд тооцох шийдвэр гаргажээ

 МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцох шийдвэр гаргажээ.

МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Н.Номтойбаяр олон нийтийн газар зүй зохисгүй авирласан тул хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн тус намын Ёс зүйн хороо дүгнэж, дүгнэлтээ Хяналтын ерөнхий хороонд хүргүүлжээ. Уг асуудлыг Хяналтын ерөнхий хороо хэлэлцээд Н.Номтойбаярыг намаас гарсанд тооцохоор шийдвэрлэсэн гэдгийг тус хорооны дарга Д.Батбаатар хэллээ.

 

Тэрбээр, “МАН-ын дүрмийн дагуу намаас гарах, хөөх нь зарчмын ялгаатай ойлголт. Намын гишүүнийг хөөсөн бол МАН тухайн хүнийг дахин элсүүлэхгүй. Харин намаас гарсан хүн алдаа дутагдалдаа дүгнэлт хийгээд түүнийгээ залруулаад эргэн орох боломжтой” гэв.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх бичгийг УИХ-д ирүүлээд буй юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх