УИХ САЯТНУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ҮҮ? ЭСВЭЛ БҮХ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ҮҮ?

Тун саяхан Монгол улс ардчилсан Үндсэн хуулийнхаа 28 жилийн ойг угтан авлаа. Энэ хүндэтгэлээс төд удалгүй ардчилал сүнсээ тонилгоод сүг болсныг гэрчлэх мэдэгдлийг АН-ын дарга С. Эрдэнэ хийв. Харамсалтай нь манай хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхэлж, иргэний мэдэх эрхийг хангаж буй хэнбугай ч тус мэдэгдлийн  хууль эрх зүйн нөхцөлийг хөөн хэлэлцэж сурвалжилсангүй. Тиймээс мөхөс бичээч миний бие нөхөн бичиглэж суугаа нь энэ. С. Эрдэнэ чухам юу гэж хэлэв?

АН-ын дарга С. Эрдэнэ:

"100 сая төгрөг гэдэг чинь мөнгөн дүнгээр их мэт боловч өөрийг нь дэмжээд, өөрийнх нь төлөө дэмжлэг үзүүлээд 0.5-1 сая төгрөг хандивлачих 100 найзгүй юм бол улс төрд дэвшээд яах юм бэ?"

Угтаа ардчиллын төлөө хэлсэн түүний үг төдийгөөс өдий хүртэл замнасан Монгол улсын нийгмийн тогтолцоог уландаа гишгэлж буй хэлбэр. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд түүний хэлсэн үгийн цаадах үйлдлийг ухамсар, ёс суртахууны хэмжүүрээр хэмжиж байгаа хэрэг юм. Тэрнээс биш мөнгөтэй, хөрөнгө чинээтэй нийгмийн төлөөлөлд С. Эрдэнийн баримталж байгаа зарчим байх ёстой байр суурь болж хувирна. Юун тулд ардчилал оршиж байгаа вэ? гэдгийг та бид өөрсдөөсөө асуугаад үзээрэй.  1992 онд батлагдсан Үндсэн хуулийн тунхаглалд ардчилал, шударга ёсны тухай дурьдагдсан нь бий. Тиймээс бид тус тунхаглалын хүрээнд сонгосон тогтолцоогоо жишиж харьцуулж байх ёстой болно. Монгол улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт Хүний эрх, эрх чөлөөний талаар тусгасан бүлэг заалт багтжээ. Түүнд хэрхэн тусгасныг хуулийн эх сурвалжаас нь дор сийрүүлье.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Арван дөрөвдүгээр зүйл.

1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Дээр сийрүүлснээр Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1-д зааснаар Монгол улсын уугуул төдийгүй суугуул хууль ёсны оршин суугчдад хуулиар эн тэгш эрх олгогдсон хэмээн ойлгогдож байна. Тэр тусмаа хууль ёсны оршин суугаа хүн та хэдий хэмжээний хөрөнгө чинээ, ямар ажил албан тушаал хашиж байгаагаас үл хамаарч ардчилсан нийгэмд ялгаварлан гадуурхагдахаас хамгаалагдах ёстой. Тэгвэл АН-ын дарга С. Эрдэнийн хэлсэн үгийн агуулгаар тэрээр хөрөнгө чинээтэй нь УИХ-д нэр дэвшээд бусад нь улаан шугамнаас хойгуур жагс гэсэн утга болж таарлаа. Тэгвэл чухам хэн УИХ-д нэр дэвших Үндсэн хуулиар олгогдсон эрх үүрэгтэй вэ? гэдгийг мөн л хуулийн заалтаас дахин сийрүүлье.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Арван зургадугаар зүйл.

9/шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

гэсэн байна. Улмаар цааш хуулинд сонгогдох насыг тогтоохдоо 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэсэн байдаг. Энэ заалт Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэг, Монгол улсын төрийн байгууллын хэсэгт багтжээ. 100 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой болоход өнөөгийн нийгэмд ямар боломж бололцоо байна вэ? 25 хүртэлх насны залууст ийм бололцоо бий юу? Эгэл жирийн малчны хотноос төрийн байгууллагад сонгогдох эрхээ эдлэх хэтэвчний боломж хэр байх вэ? Ганц өрөө байртай болохын төлөө насаа элээж буй олон мянган залуус зөвхөн ажил гэрийн хооронд өдөр хоногоо тээж яваа. Тэдэнд амьдралынхаа ахуйгаас дээш толгой өндийх зав алга. Тиймээс л С. Эрдэнийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайсан үгийн агуулга, ерөөс тус намын барьж буй зарчим ёсоор хөрөнгө чинээтэй элитүүд төр улсыг удирдаад, дундаж давхарга, ядуучуудын төлөөлөл огт хэрэггүй гэсэн санааг цухалзуулав уу? Энэ бол Үндсэн хуулийн цэцийн түвшинд маргаан үүсгэж болохуйц сэдэв. Үндсэн хуулийн хэрэгжилтийн амин сүнс нь иргэний эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлага хэрхэн хангагдаж байна вэ? гэдэгт сэтгэл чилээх явдал юм. Даанч үүнд хяналт тавих үүрэгтэй албанд эрх мэдэлтнүүдийн тавиулууд л ажиллаж байна. Үргэлжлүүлээд Үндсэн хуулиас дахин сийрүүлье.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ

Хорин гуравдугаар зүйл.

1.Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

гэжээ. Энд УИХ-ын гишүүн С. Эрдэнийн эрх үүргийг тодорхой тусгасныг уншигч та мэргэн оюундаа тунгаах биз ээ. Үндсэн хууль болоод Монгол улсын Их хурлын тухай хуулиудад яг энэ заалт адил агуулгаараа хэрэгжиж буй. С. Эрдэнэд хуулиар олгогдсон эрх үүрэг бол тэрээр нийт иргэн, улсын ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, түүнд нийцүүлсэн хууль эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан өргөн барих, үг хэлэх, санал, дүгнэлт гаргах ёстой болж байна. Дээр тодруулсан хуулийн холбогдох заалтанд АН-ын дарга С. Эрдэнийг дан ганц намынхаа чинээлэг хэсгийн төлөөлөл гэж огтоос тусгаагүйг давхар тодруулъя. С. Эрдэнэ УИХ-ын 2016 оны сонгуульд БГД-ээс сонгогдсон байлаа ч тэр мөн л ганцхан баянголчуудыг төлөөлөхгүй гэдэг нь хуулийн заалтад тодорхой харагдаж байгаа юм. АН-ын дарга С. Эрдэнэ "100 сая төгрөг гэдэг чинь мөнгөн дүнгээр их мэт боловч өөрийг нь дэмжээд, өөрийнх нь төлөө дэмжлэг үзүүлээд 0.5-1 сая төгрөг хандивлачих 100 найзгүй юм бол улс төрд дэвшээд яах юм бэ?" гэх алдасыг амнаасаа унагасны төлөө Монгол улсын парламентад ард түмний төлөөлөл гэж суух эрхгүй гэдгээ нотолчихож байна. Зөвхөн энэ үгийг хэлснийх нь төлөө Үндсэн хуулийн цэцийн манаачид жижүүрлэсэн үүргийнхээ өмнө цэх зогсох ёстой. С. Эрдэнэ чинээлэг хэсгийн төлөөлөл болж УИХ-д сонгогдоогүй. Та Монгол улсын ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхолд таацуулан ажиллах үүрэгтэй гэдгийг олон нийтийн өмнөөс сануулахыг хүсч ийнхүү бичиглэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх