Т.Төмөрбаатар: Гашуунсухайт боомтод шинэ коронавирусийн 12 сэжигтэй тохиолдол илэрсэн

Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон МХЕГ хамтран шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар ойрын хугацаанд илэрсэн сэжигтэй тохиолдол болон МХЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Түүний мэдээлснээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсний 

  • 66 нь Буянт Ухаа боомт дээр, 
  • 5 нь Замын-Үүдийн боомт, 
  • 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн. 
  • Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулж, шинжилгээнд өгчээ. 

Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа. Гэвч иргэд тус улсын эрүүл мэндийн байгууллагад хандах эсэхээ сайтар бодолцож үзээрэй. Урд хөршийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа, тэр хэрээр эрсдэл өндөр байна. Тиймээс зайлшгүй шаардлагатай биш бол аль болохоор тус улсад зорчихгүй байхыг зөвлөе. 

Бид 26 боомтоос мэдээллээ авч байна. Хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд болон Буянт-Ухаа боомт. Оросод хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд хяналт тавьж байна. 

Мэргэжлийн байгууллагууд хамтран дөрөв дэх удаагаа эрсдлийн үнэлгээг хийхэд өндөр эрсдэлтэй гэж тодорхойлогдсон" гэлээ. 

"Хятадын Ганц мод боомтод байсан 27 иргэнийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж авчирсан"

Мөн ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж "Өчигдөр Гашуунсухайт боомтоор Хятадын Ганц мод боомтод байсан 27 иргэнийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж авчирсан. Үүний 16-нь тээврийн жолооч.

Үүн дээр бичиг баримтаа гээгдүүлсэн манай улсын долоон иргэн тус боомтод байсан бөгөөд Хөх хот дахь Ерөнхий консул буцах үнэмлэх олгосныг үндэслэн хилээр нэвтрүүлсэн. Мөн нутгийн гүнээс ирсэн дөрвөн иргэн ирсэн. Ингээд 11 зорчигч, 16 жолоочийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж авчирсан" гэдгийг хэллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх