Нийгмийн даатгалын сангийн мөнгө алдагдсанд С.Чинзориг сайд буруутай

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгч байгаа талаар мэдэгдэл хийж, сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тэдний асуултад хариулсан. Хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулах явцдаа олон шинэ мэдээллийг ч бас өгсөн юм. Тухайлбал, олны анхаарлыг татдаг Нийгмийн даатгалын сангийн талаар тэрбээр юу гэж хэлснийг хүргэж байна.

image

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Нийгмийн даатгалын сан чөлөөт үлдэгдлээ банкинд хадгалуулаад 30 жил болж байгаа. 2016 оны зургаадугаар сарын 30-нд чөлөөт үлдэгдлээ бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Нэг ч төгрөг алдагдаагүй. Н.Номтойбаярын үед ч энэ мөнгө бүрэн бүтэн байсан. Харин С.Чинзориг сайдын үед банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал С.Чинзориг сайд энэ мөнгөө аваагүй учраас алга болсон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулдаг гэрээ гэж байгаа. Элдэв асуудал гараад байхаар нь гэрээг нь авч үзлээ. Анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж нь С.Чинзориг сайдад байсан. Хэрвээ банкинд нь мөнгө байхгүй бол Төвбанкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөнөөс нь татаж авах эрх нь хүртэл байсан. Тэгэхээр 2019 он эхлээд Капитал банкийг муутгах дохиог Төв банкнаас өгсөөр байтал мөнгөө татаж аваагүй С.Чинзоригийн буруу. Энэ мөнгийг алга болсныг хуулийн байгууллага шалгаж байгаа болбол маш хялбархан. Тэр Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг, С. Эрдэнэ огт хамаагүй. Дараагийн сайд байсан Н.Номтойбаярт ч огт хамаагүй. Яг мөнгө алга болсон үеийн он сараар хайгаад хариуцлага тооцохын оронд огт хамаагүй хүмүүсийг хорьж шалгаад байгаа нь буруу. Хуулийн байгууллагынхан ажлаа зохих ёсоор хийхгүй байгааг энэ ажлыг хийж байхдаа би шүүмжилж болохгүй байгаа юм. Одоо бол шүүмжилж болно гэсэн үг” гэж тайлбар хийсэн.

Сэтгүүлчийн “Танай нам 2012-2016 онд олуулаа байхдаа “Капитал” банкинд нийгмийн даатгалын сангийн 31 тэрбум төгрөгийг хадгалуулж байсан бол гурван жилийн дотор 207 тэрбум болж нэмэгдсэн. Танай нам ийм найдваргүй ганц банкинд татвар төлөгчдийн мөнгийг байршуулсандаа яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?” гэсэн асуултад “2012-2016 оны үед “Капитал” банк хэвийн үйл ажиллагаатай байсан. Үзүүлэлт сайтай, мөнгө байршуулсан хэвээр. С.Эрдэнэ ажлаа өгөөд явлаа, хэвийн байсан. Н.Номтойбаяр хоёр жил сайдын ажлыг хийлээ, хэвийн байлаа.

Наад мөнгө чинь эрсдэлд орох процесс нь 2019 оны эхнээс л эхэлсэн. Муудсан үед нь мөнгөө татаж авах ёстой. Энэ мөнгийг байршуулж, хүү авч сангийн мөнгийг арвижуулж байсан хүмүүсийг буруутгаж болохгүй. Хэний үед мөнгө алга болсон бэ гэдгээс ажлаа эхлэхгүй байгаа нь өөрөө буруу. Эрсдэлтэй банк чинь 2019 оноос эхэлсэн байна гэж Төвбанкны бичиг дээр гараад байна. Түүнээс өмнө бүх л банк эрсдэлгүй байлаа шүү дээ. Та нар банк гэдэг байгууллага яаж ажилладгаас ажлаа эхлэх ёстой. “Капитал” банк гэхэд Б.Ундармаа гэдэг хүн Төвбанкинд тодорхой хэмжээний мөнгө аваачиж байршуулж байгаа юм. Манай банкны үйл ажиллагаа доголдоод ирэх юм бол энэ мөнгөөр хариуцлага хүлээнэ гээд. Дүрмийн сан, нөөц хөрөнгө гээд янз бүрээр нэрлэдэг. Хамгийн эхлээд таван тэрбум байсан, тэгээд 10 тэрбум болсон. Одоо 80 тэрбум болж байх шиг байна. Тэгэхээр “Капитал” банкны үйл ажиллагаа доголдоод, хадгалуулсан мөнгөний хэмжээнээс нь доошоо орох мөчид нөөц хөрөнгөнөөс нь татаж аваад харилцагч, хадгаламж эзэмшигч нарыгаа аюулгүй болгодог ажлыг Төвбанк хийдэг. Төвбанк нь тэр ажлаа хийгээгүй,эсвэл Н.Баяртсайхан, С.Чинзориг, Б.Ундармаа гээд бүгдээрээ нэг намынхан байна шүү дээ. Тэд Б.Ундармаагийн банкийг дампууруулахгүйн тулд аюул болчихсон байхад дохио өгөөгүй энэ улсад хариуцлага тооцох болохоос биш, 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хэвийн байсан банк, хэвийн байсан хадгаламж, харилцах данстай зууралдаад нэмэргүй. Ямар ч шатны шүүх дээр очсон гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу, үгүй юу гэдэг зүйлийг л хардаг. 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр мөнгө алга болсон уу, болоогүй бол гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй л гэсэн үг. 2018 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр анхны шаардлагаар татаж авах мөнгө алга болсон уу, болоогүй.

Тэгэхээр 2019 он гэдэг чинь ганцхан С.Чинзориг сайдтай холбогдоод байгаа юм. Тэр үед Нийгмийн даатгалын сангийн дарга, нягтлан бодогч нь хэн байсан бэ гэдгээс эхлэх ёстой асуудлыг буруу эхлүүлж байгаа нь өөрөө хуулийн байгууллагын алдаа. Шүүх дээр очоод эхний өдрөө л бүрэлдэхүүнгүй гэдгээр хэрэгсэхгүй болох хэрэг байгаа юм. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Хуулийн сургуулийн нэгдүгээр курст заадаг байхгүй юу” хэмээн хариулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх