Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрын “зорилготой” үйлдлээс болж бид улсаараа хохирсон

БАРИМТ 1: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ба сураг алдарсан хэрэг

“Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг ОХУ-ын талаас “Монголын зэс корпорац” ХХК 2016 онд худалдаж авсан нь төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй үйлдэл гэж үзэн АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгасан юм. Ч.Сайханбилэгийг УИХ-аас илүү эрх эдэлж, Оросын талын 49 хувийг улсын өмчид худалдаж авах саналаас татгалзсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэн яллагдагчаар тооцсон байдаг. Тодруулбал, Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар, ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг талын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад “Ростех” корпорацийн захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургаадугаар сарын 13-нд татгалзсан нь холбогдох бичиг баримтуудаар тодорхой болсон байна. Ийнхүү татгалзсанаар “Монголын зэс” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн билээ. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн юм. Ч.Сайханбилэгийн хувьд Ерөнхий сайд байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг УИХ-д танилцуулалгүйгээр Худалдаа хөгжлийн банкинд зарсан хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байхдаа гадаадад оргон зугтаасан билээ. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж буй.

БАРИМТ 2: Ч.Сайханбилэг гадаад улсын харьяат болохоор иргэншил хүсэв үү

Өнгөрсөн сард “Амстердам Партнерс” Олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газар "Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн холбогдсон гэх хэрэг нь улс төрийн зорилготой бөгөөд гэм бурууг нь хуулийн дагуу шийдвэрлэх ёстой" гэх агуулгатай мэдэгдэл гаргаж, өмгөөлөхөөр болсноо албан мэдэгдлээр зарласан байдаг. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг нь гадны улсаас иргэншил хүссэн мэдээлэл гарсан бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дараах тайлбарыг хүргүүлэв.

БАЙР СУУРЬ: “Зугтах хэрэггүй”

“Ч.Сайханбилэг гадны орноос иргэншил хүсээд гадаадын хуулийн байгууллагаар өмгөөлүүлэх хүсэлт тавьсан. Энэ тухайгаа Монголд байгаа Элчин сайдын яаманд мэдэгдсэн байна лээ. Ч.Сайханбилэг уг нь Монголд ирээд хуулийн байгууллагадаа байцаагдаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугтаж явах хэрэггүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бол ямар ч намын бодлогогүйгээр хувиараа ажилласан хүн. Тэрээр Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд найр тавин өгч, Монгол улсын эдлэх ёстой эрхийг эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Энэ бол Ч.Сайханбилэг хувь хүнийхээ хувьд хийсэн үйл ажиллагаа, АН-тай ямар ч холбоогүй.

Ц.Элбэдорж, Ч.Сайханбилэг нар сонгуулийн өмнөх өдөр Эрдэнэтийн 49 хувийг зорилготойгоор, зохион байгуулалттайгаар хийгээгүй бол сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээхгүй байсан. 2012-2016 оны АН-ын сонгуулийн ялагдлын хариуцлагыг би хүлээгээд ажлаа өгсөн. Ер нь сонгуулийн өмнөх саруудад рейтинг сайн байсан. Аль нэг нам нь 65 суудал авчих хэмжээнд байгаагүй. Сонгуулийн эцсийн өдөр Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд өгснөөс болоод бид ялагдсан. Ц.Элбэгдорж зорилготойгоор 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд өгч, түүнийгээ олон нийтэд зарлаж, АН-ыг ялагдуулсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг үүнд гар бие оролцсон.

Ямар зорилготойг нь Та нар өөрсдөөс нь асуу. Эрдэнэс Тавантолгойг Ц.Элбэгдоржийн найз Ж.Оджаргалд өгөөгүйн хонзонгоо авсан. Үүнээс болж АН-ын 180 мянган гишүүн хохирсон. Дөрвөн жил сайн сайхан явна гээд МАН-д саналаа өгсөн Монголын ард түмэн бас хохирсон. Бид улсаараа хохирсон. Эрдэнэс Тавантолгойг би зогсоож чадсан. Харин Эрдэнэтийн 49 хувийг Их хурлаар оруулж ирэлгүйгээр шийдсэн” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариуцлагатайгаар мэдэгдэв.

image

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “Эрдэнэт”-ийн Оросын талын эзэмшдэг 49 хувийг луйвраар зарсан нь тодорхой. Манай Засгийн газар Оросын талын шахалтаар "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзсан. Оросын тал өөрийн эзэмшлийн 49 хувиа зарах эсэх нь тэдний эрхийн асуудал. Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдаалсаны дараа Монголд явагдсан хуйвалдаан анхаарал татаж байна.

image

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай: Шударга ёсыг тогтоож байгаа нь хаана байна. Эдгээр хүмүүсийг яагаад гадагшаа явуулчихсан юм бэ. Энэ хүмүүсийг гадагшаа явуулсан шүүгч, мөрдөн байцаагч, прокурор нарт арга хэмжээ авах хэрэгтэй. Ямар шүүгчийн захирамжаар Ч.Сайханбилэг гадагшаа явсан бэ. Хэн гэдэг шүүгчийн захирамжаар Ц.Элбэгдорж гадагшаа явсан бэ гэдгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Гадагшаа явуулахгүй байлгах боломж байсан. Эд нарыг явуулж болохгүй. Үнэхээр шударга ёсыг тогтоож, хариуцлага тооцох ёстой гэж байгаа бол эдгээр нөхдүүдийг Монголоос гаргахгүйгээр арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо бүгдийг нь хөөж авчраад хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл ийм арга хэмжээ авч чадахгүй байгаа нь цаанаа маш том хуйвалдаан, зохион байгуулалттай тархи угаалт явагдаж байгааг харуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх