Гашуун сухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг зогсоолоо

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байгалийн аюултай үзэгдэл болж, бүх сумдын нутгаар салхины хурд ширүүсэн зарим үед 16-24 м/с хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаад байна. Булган, Номгон сумдад салхины хурд 24 м/с хүрч шуурсан байна. Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр салхины хурд зарим үед 26-28 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгаа юм байна.

Онцгой комиссын хурлаас аймгийн хэмжээнд ЕБС-ийн өнөөдрийн хоёрдугаар ээлжийн хичээлийг оруулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Мөн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын боомт руу нүүрс тээвэрлэх замын хөдөлгөөнийг 20:00 цаг хүртэл зогсоолоо.

Цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбогдуулан ард иргэд, малчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хол, ойрын замд гарахдаа автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчих, аюулгүй байдлаа хангахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Салхины хурд маргаашдаа буурч, 10-12 м/с хүрэх, зарим сумдад хур тунадас орох төлөвтэй байгаа юм байна.

Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан Даланзадгад сумын хээрийн дадлага сургуулийн талбайд зохион байгуулж байсан “Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулийн үйл ажиллагааг хээрийн нөхцөлд явуулах боломжгүй болсон тул аймгийн нутгийн удирдлагын танхимд хийхээр шилжүүлээд байгаа аж. 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх