МАН-аас М.Энхболд АН-аас Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо 

Монгол улсад ирэх сарын 26-нд төрийн тэргүүнээрээ хэнийг сонгох вэ гэдгээ шийднэ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн монгол улсын хувь заяа хэнээс шийдэгдэх вэ гэдгийг бараг тодорхойлох тийм түүхэн сонголтыг хийх учиртай. Тиймээс УИХ-д суудалтай гурван нам Ерөнхийлөгчид хэнийг сонгох вэ гэдгээ тодруулж, зарлаж эхэллээ. 

М.Энхболд олонхийн дэмжлэг хүлээж, ялалт байгууллаа 

МАН-ын Бага хурал өчигдөр болж, бага хурлын 300 гаруй гишүүнээс олонхийн санал 87.5 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд олны дэмжлэг хүлээж, илт давуугаар ялалт байгууллаа. Тодруулбал,  МАН-аас энэ удаад Бага хуралд хоёр нэр дэвшигчийг оруулж ирсэн билээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж, М.Энхболд гэсэн нэр орж ирсэн боловч У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нэрээ татсанаар М.Энхболд, Ц.Нямдорж хоёр өрсөлдсөн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бага хувийн санал авсан ч гэсэн тэрбээр “Сонгуулийн дүн ямар байхыг би тооцоолж байсан” гэсэн үг хэлээд, УИХ-ын дарга  М.Энхболдод  амжилт хүссэн үгийг хэлж байсан. Ингээд МАН-аас Ерөнхийлөгчид УИХ-ын дарга М.Энхболд өрсөлдөхөөр боллоо.   

Х.Баттулга хамгийн өндөр оноог авчээ 

Ардчилсан намын тухайд олон нэр дэвшигчтэй, өрсөлдөөн ихтэй ихэд сонирхолтойгоор Ерөнхийлөгчийн сонгуультай золгох гэж байсан билээ. Тэд Ерөнхийлөгчид хэнийг сойх вэ гэдгээ мөн л өчигдөр орой шийдэв. АН энэ удаа Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хүссэн зургаан нэр дэвшигчийг дотооддоо өрсөлдүүлж, хамгийн өндөр оноог УИХ-ын гишүүн асан Х.Баттулга  дараа нь УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал авчээ. 

эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх