Улаанбаатар хотод Польшийн кино өдрүүд болно

Улаанбаатар хот дахь Польшийн ЭСЯ энэ сарын 8-аас 11-ний өдрүүдэд УИД-ын ICinema кино театрт Польшийн кино өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү кино өдрүүдийн хүрээнд Польшийн нэрт кино найруулагч Кшиштоф Занусси хүрэлцэн ирэх ажээ. Нэрт кино найруулагч Польшийн кино өдрүүдийн үеэр Монголын кино найруулагч нарт зориулан тусгай сургалт семинар зохион байгуулах бөгөөд мөн энэ үеэр түүний найруулсан таван киног монголчуудад үзүүлэх юм байна. Польшийн кино найруулагч,продюсер Кшиштоф Занусси нь 1939 оны 6-р сарын 17-нд Польшийн нийслэл Варшав хотод төржээ.Тэрээр 1984 онд “Тайван жилийн нар”гэдэг киногоороо Венецийн кино наадмын “Алтан арслан” шагналыг хүртсэн бөгөөд мөн олон улсын нэр хүндтэй фестивалиудын олон шагналуудыг хүртэж байсан байна.

Кшиштоф Занусси 1955-1959 онуудад Варшав хотын Их сургуулийг физикч мэргэжлээр төгсөж, түүний дараа Краковийн Их Сургуулийг философич мэргэжлээр дүүргэжээ. Тэрээр хамгийн анх сонирхогчийн киногоороо шагнал хүртсэн бөгөөд Лодзины киноны сургуулийг 1966 онд кино найруулагч мэргэжлээр мөн төгссөн байна. 70-аад оноос эхлэн Занусси Польшийн хамгийн нэр хүндтэй найруулагч болж, жилдээ нэгээс хоёр телевизийн болон өргөн дэлгэцийн кино бүтээж, кино урлагыг хөгжүүлхэд ихээхэн хувь нэмэр  оруулжээ. Мөн үүний зэрэгцээ тэрээр кино уран бүтээл хийхээс гадна Польш, Украин, Герман, Итали, Франц, Швейцар, Франц, ОХУ, Белорусс зэрэг орнуудад театрын болон дуурийн жүжгүүдийг амлуулан тавьсан аж. Хамгийн сүүлд Кшиштоф Занусси 2008 онд Новосибирск хотын хөгжимт драмын театрын тайзан дээр О,Эскиний зохиолоор “Дуэт” жүжгийг найруулан үзэгч олонд толилуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх