Г. Уянга: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хугацаанаасаа өмнө огцрох ёстой

 УИХ-ын гишүүн асан Г.Уянга өнөөдөр Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төвд” Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг бүрэн эрхийнх нь  хугацаанаас нь өмнө огцруул-хийн төлөө суулт зарлах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

       Г.Уянга хэлэхдээ: Өнөөдөр дэлхийн олон улс орон тухайлбал БНСУ-д Ерөнхийлөгч нь хэлэх үгээ найзаараа хянуулсныхаа төлөө ард түмэн нь бүтэн 2 сарын турш гудамжинд жагсаж,бүрэн эрхийнхээ өмнө огцорлоо. Харин манай улсад бол байдал эсрэгээрээ байдаг. Тийм болохоор би болон бидний хэсэг нөхөд Монгол улсын Ерөнхийлөгчийг огцруулах талаар иргэдийн гарын үсгийг цуглуулж,өнөөдөр 5000 гаруй иргэдийн санал дүгнэлтийг цуглуулаад байна. Манай энэ хөдөлгөөнд “Дархан монгол”нэгдэл,”АТОЗ”,”Ноён уулаа аваръя” зэрэг хөдөлгөөнүүд нэгдээд байна.Бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дараах болон бусад үндэслэлүүдээр Үндсэн хуулийн дагуу УИХ-д өргөсөн тангаргаасаа няцсан тул огцрох ёстой гэж үзэж байна.

Үүнд:

 1.Монгол улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж,улсад үлэмжхэн хохирол учруулсан.  

 2. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-тай зөвшилцөлгүй”Байнга төвийг сахих статус” гэгчийг дэлхий нийтэд шууд зарласан.

 3. Хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг УИХ-д танилцуулаагүй Ерөнхийлөгчийн тухай хууль,ҮХ-ийн 35-р зүйлийн 35.1 дэх заалтыг тус тус зөрчсөн 

4. Үндсэн хууль,Эрүүгийн хуульд цаазаар авах ял хүчин төгөлдөр хэвээр атал цаазаар авах ялыг хүчингүй болгох санал санаачлаг гаргаж,”цаазын ял сонссон хүн нэг бүрд бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлнэ”  хэмээн мэдэгдэж хуульт ёсыг уландаа гишгэж,харгис гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн. 

5. Шударгаар ажил албаа хашиж байгаа шүүгчдийг хавчин гадуурхаж,ажилгүй болгох,шүүхийг өөртөө үйлчлүүлж шүүхийн шийдвэрт нөлөөлөх нь хэрээс хэтэрсэн. 

6.Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон. 

7.Ц.Элбэгдорж 2012 онд Оюутолгой  компанийн Brian Mardsen гэгчтэй р13271 гэдэг гэрээ хийж,Brauhaus хотхоны 7 тоот байрыг түрээслүүлж 36 сая 369 мянган төгрөгийг хувьдаа хүлээн авсан. 

8. 2011 оны 9-р сард Рио Тинто компани Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болдмаагийн ТББ- д зориулж 3 сая хүртэл ам доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод зохион байгуулж 2 сая гаруй долларын хандив цуглуулсан. 

9.Оюутолгой   компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг төсөвт суулгаж,энэ мөнгөний 450 сая төгрөгийг хэдийнэ шилжүүлсэн байсан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найз Роберт Пейнтер,түүний эхнэрийн байгуулсан Painter Law Firm гэгч жижиг компани байсан. 

10. Харийн шашны гаж урсгал МҮҮН-тэй холбогдож МҮҮН-ийн БНСУ дах салбар байгууллагаас сонгуулийн санхүүжилтээ босгож байсан. 

11. Ухаалаг төр гэгчээр төрийг өмчгүй болгон хүчгүйдүүлэх бодитой алхам хийсэн. 

12. 2017 оны 1-р сарын 11-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг хүн амьдрах боломжгүй, хөрөнгө оруулалт хийж болохгүй гэх мэтээр мэдэгдэл хийсэн нь эв нэгдлийг эрхэмлэх үүрэгтэй төрийн тэргүүний хувьд ихээхэн хариуцлагагүй ,ёс зүйгүй төдийгүй, эдийн засгийн ур-хагтай алхам болсон. 

13.Хууль бусаар хөрөнгөжиж гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан,оффшор дансанд хөрөнгөө нуусан хүмүүстэй хариуцлага тооцохын оронд тэднийг хамгаалсан хууль батлуулж,уг хуульд хориг тавих шаардлагыг хүлээж аваагүй. 

14. УИХ-аас батлан гаргаж байгаа татвар нэмэх,тэтгэврийн насыг нэмэх зэрэг иргэдийн эрх ашгийг ноцтой хөндсөн хуулиуд,Хятад ажилчдыг хууль зөрчин олон тоогоор оруулж ирэх Засгийн газрын шийдвэрүүдэд хориг тавиагүй. 

15.Монгол улсад ихээхэн хохиролтой,алдагдалтай гэрээ байгуулсныхаа дараа гадаадад оффшор данс нээсэн,өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгийн наймаа хийсэн С.Баяр,С.Баярцогт нарын хүмүүсийн үйлдэл баримтаар нотлогдсоор байтал хариуцлага тооцож шударга ёс ,хуульт ёсыг сахиулахын оронд өмгөөлж, Элчин сайдаар хүртэл томилон хамгаалал-тандаа авч олон түмнээ басамжлан, Г.Ичин-хорлоо нарын олон зуун мянган Монголчуудын шаардлагад хариу өгөхгүй байсаар байна. Монгол улсын Үндсэн хуулийн 35-р зүйлийн 35.1-т заасан Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна гэж заасан байдаг. Монгол улсын УИХ бол Ерөнхийлөгчид хариуцлага тооцох эрх хуулиар олгогдсон цорын ганц субъект, Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн төрийн эрх барих дээд байгууллага билээ.

Мөн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу Монгол улсын УИХ-д тангараг өргөдөг бөгөөд тангаргаа зөрсөн эсэхийг тогтоох цор ганц байгууллага нь Монгол улсын УИХ юм. Гэтэл энэхүү эрхээ эдэлж,хуулийг ноцтой зөрчин,уландаа гишгэж байгаа Ерөнхийлөгчид хариуцлага тооцох чадваргүйгээ УИХ нотлон харуулсаар байна. Хэрэв УИХ хариуцлага тооцож чадахгүй бол сонгосон ард түмэн нь хариуцлага тооцох бас нэг арга замыг ардчилсан тогтолцоо бидэнд олгож байна.Ерөнхийлөгч нь хугацаа нь дуусаад ажлаа хүлээлгэж өгөх,хугацаанаас нь өмнө огцруулах хоёрт тэнгэр газар шиг том ялгаа бий. Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.6-д зааснаар бүрэн эрхийн хугацаа нь хууль ёсоор дууссан Ерөнхийлөгч 4 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үнэгүй үйлчлүүлж,төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд хугацаа нь дууссанаас эхлэн насан туршдаа сайдын тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин авдаг.

Хэрвээ огцруулбал энэ тусгай хангамжийн асуудал сөхөгдөнө.Мөн үйлдсэн гэмт хэргүүдийг нь эрүү үүсгэн шалгах боломжтой болно. Харин огцруулахгүйгээр бүрэн эрхийн хугацаа нь дуус ч, дараагийн Ерөнхийлөгчид ажлаа хүлээлгэж өгвөл хууль ёсоор тусгай хангамжуудаа эдлээд  дараагийн улс төрийн ажлаа чөлөөтэй хийсээр байх болно. Бид олуулаа болж хүчээ нэгтгэж, Сүхбаатарын талбайгаа дүүртэл цугларч, суулт хийж чадвал түүнийг огцруулж чадна.БНСУ-ын ард түмэн хугацаа нь хэдхэн сарын дуусах Ерөнхийлөгчөө хугацаа хамаарахгүй огцруулж чадсан.Тэд хоёр сар тасралтгүй гудамж талбайдаа жагссан,бидэнд ч бас хоёр сарын хугацаа байна.Одоо Ц.Элбэгдоржийг зөвхөн олон түмний нийлсэн хүч л огцруулж чадна. Эцсийн эцэст бидний энэ тэмцэл бол Ц.Элбэгдорж гэдэг хувь хүний эсрэг тэмцэл биш юм.

МАНАН гэдэг бурангуй тогтолцооны эсрэг тэмцэл юм. МАНАН хэмээх энэхүү биежсэн олигарх тогтолцооны амин зүрх нь ,тэтгэх тэжээл гол судас нь өнөөгийн Ерөнхийлөгч,Элчин сайд С.Баяр нар юм. Хэрвээ бид үлгэрт гардаг ард иргэдийн дайсан болсон аймшигт мангасын амь нь байдаг алтан өндгийг л хагалж чадвал энэ систем нурна. Системийн тэжээлийг таслаагүй цагт үр жимс нь ургасаар ,үржсээр байх болно. Бид үндсийг нь таслалгүйгээр ургамал навчийг нь хэчнээн  ч таслаад нэмэргүй юм.Ямар ч тэмцэл огт үр дүнгүй байна гэж байдаггүй.Хэрвээ бид бүгдээрээ хамтдаа тэмцэж чадвал зорилгодоо хүрч чадна гэлээ. 

Ж.Бат