ЭХЭМҮТ-ийн үйлчилгээ цахимжина

БНХАУ-ын

Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 437 компьютер, 25 хэвлэх төхөөрөмж, 40 гаруй сүлжээний хуваарилагч төхөөрөмж, 2 сервер компьютер, 400 цахилгаан баригч, 1 IP PBX дотуур холбоо, дизель цахилгаан үүсгэвэр гэх мэт нийт 23 нэр төрлийн 1,017 ширхэг тоног төхөөрөмжийн угсралт, шинэчлэлийг тасаг, нэгжүүдэд хийжээ.

Мөн өнгөрсөн сарын 5-ны өдрөөс цахим эрүүл мэндийн “e-Health” програм хангамжийн боловсруулалт, нэвтрүүлэлтийг хариуцан ажиллаж буй “Метронэтворкс” ХХК нь ЭХЭМҮТ-д ажиллаж эхэлсэн байна. Хоёр долоо хоногийн хугацаанд тус төвийн товлолт цаг олголт, хүүхдийн ба эх барих, эмэгтэйчүүдийн амбулаторийн үзлэг, үйл онош, лабораторийн хэсгүүдэд амжилттай суурилуулснаар амбулаторийн үзлэг, эмчилгээний үйл явцыг түргэсгэж үйлчлүүлэгчдээс талархал хүртэж эхлээд байна.

Ийнхүү ЭХЭМҮТ мэдээллийн цахимжилтын системд энэ сард багтаан бүрэн шилжихээр ажиллаж байгаа аж. “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол Улсын 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамжийг нийлүүлэх юм.

Уг төсөл хэрэгжсэнээр салбарын мэдээллийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдэж, үйлчлүүлэгчдийн хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, хүртээмжтэй үзүүлэх нөхцөл бүрдэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх