Чойрын уулзвараас төмөр замын 5 шар байшин хүртэл 4 эгнээ авто зам болон дугуйн зам хийнэ

Энэ онд Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөжээ. Ялангуяа дүүрэг доторх авто замыг сайжруулах, шинэчлэх, өргөтгөх ажил эрчимтэй хийх юм байна. Энэ хавар Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу бидний хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын ажлыг хийж эхлэх гэж байна.

Тус авто замыг хоёр хэсэгт хуваан хийж гүйцэтгэх бөгөөд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Захирагчийн Ажлын албаны дарга А.Туяабаатар нар дүүргийн холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт тус авто замын ажлыг гүйцэтгэгч компанитай газар дээр нь ажиллалаа.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар "Ажил цагтаа эхэлж, чанартай хийж гүйцэтгэн хугацаандаа дуусах ёстой. Энэ бол та бүхний гэрээгээр хүлээсэн үүрэг. Манай Гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, шилэн кабель, шугам сүлжээ, эрчим хүч гээд бүх мэргэжлийн байгууллагатай ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажлаа эхлэхээс өмнө зураг төсөв дээрээ хамт сууж баттай нэг ойлголттой болох нь чухал. Мөн замын бүтээн байгуулалтын ажил эхлэхээр дүүргийн иргэдээс ажлын байраар хангаж ажиллахыг хүсье" хэмээн анхаарууллаа.

Мөн энэ онд дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас Алтайн хэсэг “Божү” ХХК-ийн хүнсний дэлгүүр хүртэлх авто зам, хоёрдугаар хорооны Уурхайчдын 2 дугаар гудамж Аюулгүйн тойргоос МТ шатахуун түгээх станц хүртэлх авто зам 3 дугаар хорооны Замчны 1 дүгээр гудамжнаас Замчны 36 дугаар гудамж хүртэлх авто замын ажил хийх юм байна. 

Эх сурвалж: Налайх дүүргийн ЗДТГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх