Тайланд улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

ТАЙЛАНД УЛСАД ОНЦГОЙ БАЙДАЛ ТОГТООЖ БАЙНА

COVID-19-ийн халдвар Тайланд Улсад эрчтэй тархаж байгаатай холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Прают Чан-оча энэ Пүрэв гараг буюу 2020 оны 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 30-ны хооронд улс орон даяар онцгой байдал тогтоох шийдвэр гаргаснаа өнөөдөр 3 дугаар сарын 24-нд зарлав. Энэхүү шийдвэр нь Онцгой байдлын асуудлаарх Хааны 2005 оны зарлигт үндэслэн гарч байгаа юм байна.

Тус зарлигийн дагуу халдварт өвчний тархалттай тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулах Онцгой байдлын шуурхай төвийг Ерөнхий сайдын удирдлага дор байгуулж, аливаа шийдвэр гаргах онцгой эрхийг Ерөнхий сайдад олгодог аж. Шуурхай төв нь өдөр бүр 9.30 цагт хуралдаж, зохих арга хэмжээ авах юм байна.

Тодорхой арга хэмжээнүүдийн талаар тус улсын Засгийн газраас олон нийтэд ойрын хугацаанд мэдээлэх бөгөөд зарлигийн хүрээнд хөл хорио тогтоох, хөдөлгөөнийг хязгаарлах, барилга, байгууламжуудыг шүүхийн шийдвэргүйгээр дайчлан авах зэрэг эрхийг Засгийн газарт олгодог байна.

Тайланд Улсын Засгийн газраас авах тодорхой арга хэмжээнүүдийн тухай мэдээллийг цаг тухайд нь мэдээлж байх болно.

Иймд манай иргэд тус улсад олон нийт цугласан газар очихоос зайлсхийх, шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх, хоол хүнсээ базааж, хувийн ариун цэврийг сайтар сахиж, сонор сэрэмжтэй байж, хууль сахиулах байгууллагуудын зөвлөмжийг дагаж байхыг уриалж байна.

Тайланд Улсад Онцгой байдал зарлаж буйтай холбогдуулж тус ЭСЯ Даваагаас Баасан гарагийн 09.00-12.00 цагийн хооронд ажиллах бөгөөд консул болон иргэдийн асуудлыг цахим болон баталгаат шуудангаар хүлээн авч, шийдвэрлэж байх горимд шилжиж байна.

Шаардлагатай тохиолдолд Бангкок дахь ЭСЯ-тай bangkok@mfa.gov.mn, monembinbkk@gmail.com хаягаар, эсхүл ЭСЯ-ны (+66) 81-802-0930, (+66) 81-802-2942, (+66) 82-850-0027 дугаарын утсаар тус тус холбогдоно уу.

БАНГКОК ДАХЬ ЭСЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх