БГД-т 2019 оны байдлаар 1380 эзэн холбогдогч нь тодорхойгүй гэмт хэрэг бүртгэгджээ

Баянгол дүүргийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд 2015 оноос хойш тийм ч таатай дүр зургийг харуулахгүй байна. Улс болон нийслэлийн статистикийн байгууллагаас гаргасан дүн мэдээнд дурьдагдсанаар тус дүүрэг дэх ажилгүй эмэгтэйчүүдийн эзлэх жин 50-аас дээш хувьтай байсаар байгаа юм. Тэгсэн хэрнэ дүүргийн төсвийн зарлага нь жил ирэх тусам өсөн нэмэгджээ. 2016-2019 оныг хүртэл төсвийн зарлага 60 тэрбумаас 74,3 тэрбум төгрөг болтлоо тэлсэн байна. Энэ зарлага чухамдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдаж буй хүн нэг бүрийн амьдрах орчныг сайжруулахад зарцуулагдах логик ойлголт иргэдийн дунд бий. Харин статистик үзүүлэлтүүд үүний эсрэг хамаарлыг харуулж байна. Тодруулъя. 2015-2018 он, 2019 оны байдлаарх бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоон үзүүлэлтийг авч үзэхэд 2015 онд 2304 иргэн ажил идэвхитэй байж байгаа тухайгаа бүртгэлжүүлсэн байна. Энэ нь 2014 оноос 30,8 хувиар өссөн үзүүлэлт. Тэгвэл 2016-2018 оны хооронд ажилгүй иргэдийн тоо харьцангуй буурч байснаа 2018 онд өмнөх оноос 20,9 хувиар эргээд нэмэгджээ. Ажилгүйдлийн энэхүү өсөлтийг гэмт хэрэг зөрчлийн статистиктай харьцуулаад харвал 2015-2018 оныг дуустал Баянгол дүүрэгт бүртгэгдэж, шалгагдсан гэмт хэргийн зөрчил байнгын нэмэгдсэн үзүүлэлтийг харуулж байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас гаргасан статистикт суурилж үзүүлье. 2015 онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо дүүргийн хэмжээнд 2951 байсан бол 2018 онд энэ тоо 4501 бол өмнөх оноос 40,5 хувиар өссөн байгаа юм. Тэгвэл 2019 оны эхний 6 сарын статистикийн мэдээллээс харвал дүүрэгт 1918 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж, үүний 538 хэргийг илрүүлсэн гэжээ. Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь 28,1 хувийн үзүүлэлттэй байгаа нь Баянгол дүүргийн ард иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдрах баталгаа тэр хэрээр сул байгаагийн дохио. Учир нь цаана нь бүртгэгдсэн 1380 гэмт хэрэг зөрчил эзэн холбогдогч нь тодорхойгүй, давтан гэмт хэрэг үйлдэх сэдэл бүхий иргэд чөлөөтэй явж байна гэсэн үг. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн иргэдийн тайван амгалан аюулгүй амьдралын баталгаа хангагдаагүй байгааг Цагдаагийн Ерөнхиий газрын статистик баталж өгч байна. Одоогийн дүүргийн Засаг дарга, ИТХ-ын бүтэц, бүрэлдэхүүний ажил үүргийн ам өчиг чухам юунд төвлөрч байна вэ? гэдэг хариуцлага дагуулсан асуулт болж байна.

Эх сурвалж:nuur.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх