МАХН-ын дараагийн нэр дэвшигч хэн бэ

 

        Монгол Улсын Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүнийг сонгох сонгууль ирэх сарын 26-ны өдөр улс орон даяар болох юм. Ерөнхийлөгчийн долоо дахь сонгуульд УИХ-д суудалтай намууд өөр өөрсдийнхөө нэр дэвшигчдийг тодрууллаа. Харин  МАН-ынхан энэ удаагийн сонгуульд УИХ-ын дарга М.Энхболдыг сойхоор намын гишүүд нь дэмжсэн. Ардчилсан намын тухайд Женко буюу Х.Баттулгыг  дэвшүүлэхээр дэмжсэн билээ. Гэтэл энэ дундаас хамгийн их олны анхаарал татаж буй нь МАХН-ынхан юм. 

 

Учир нь  МАХН-ынхан Бага чуулганаараа намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн боловч хууль хяналтын байгууллагаас түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй болохоор нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаад байгаа. Намууд нэр дэвшигчээ тодруулахаас өмнө нь ч энэ асуудал яригдаж байсан. Энэ бүхнийг мэдсээр байж ийнхүү нэр дэвшихээр улайрч, тэмүүлэхийн учир юун. 

 

 Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 78-р зүйлийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно” гэж заасан бөгөөд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж шүүх үзэж, Н.Энхбаярыг хугацаанаас өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна.
 

Гэтэл намын нөхдөө уриалан дуудаж, жагсаал цуглаан хүртэл зохион байгуулаад амжсан. Тэрбээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Түүнийг олон нийт Монголын төрд гавьяа ч байгуулсан, гай ч тарьсан хэмээн дүгнэдэг. Тиймээс энэ удаад нэрээ татаж, намаасаа дараагийнхаа нэр дэвшигчийг тодруулсан нь дээр болов уу. Өөрөөр хэлбэл, түүний оронд нэр дэвших дараагийн хүнийг сонгох хэрэгтэй болох бөгөөд хуулийн хугацаа энэ сарын 14-нөөс өмнө шийдвэрлэх шаардлагатай юм. Иймээс дараагийнхаа хүнд боломж олгооч, Н.Энхбаяр дарга аа гэж хэлмээр байна. 

 

Тэгэхээр дараагийн нэр дэвшигчээр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар нар дэвшихээр яригдаад байгаа юм. Тиймээс МАХН-ын ойрын хугацаанд өөр нэр дэвшигчдийг тодруулж, зарлах учиртай. Харин үүнийг шийдэхийн тулд Гүйцэтгэх товчоо болон Бага хурлаараа шийдэх болов уу. 

 

 С.Наран

Эх сурвалж: unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх