ОХУ “Гэрийн цаг” цахим мэдээллийн суваг нээжээ

ОХУ-ын Гэгээрлийн сайд С.С.Кравцов 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Гэрийн цаг” цахим мэдээллийн сувгийг нээж, эцэг эхчүүд, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариу өгсөн байна. Тэрбээр элсэлтийн ерөнхий шалгалт 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс, есдүгээр анги төгсөгчдийн улсын шалгалт зургаадугаар сарын 9-ний өдрөөс тус тус эхлэхийг дахин сануулж, шалгалтууддаа сайтар бэлтгэхийг сануулсан байна. Түүнчлэн, их, дээд сургуулиудад шинээр элсэн орох хүсэлтээ ерөнхий боловсролын сургууль төгсөгчид цахимаар бүрдүүлж өгөх болсныг мэдэгдсэн.

“Гэрийн цаг” цахим мэдээллийн суваг нь 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг дуустал "ВКонтакте" нийгмийн сүлжээгээр дамжуулан Москвагийн цагаар 10:00-15:00 цагийн хооронд явах юм байна.

Бүх Оросын олон нийтийн байгууллага болох “Гэр бүлд дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалах үндэсний эцэг, эхийн холбоо” нь Гэгээрлийн яамны дэмжлэгтэйгээр 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр эцэг, эхчүүдэд зориулан гэрийн сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмжийг бэлтгэн хүргүүлсэн. Зөвлөмжид гэр бүлийн өдрийн хуваарийг гаргах, хүүхдүүд цахим орчныг хэрхэн ашиглаж байгааг сонирхож байхыг, хэт их ачааллаар дарахгүй байхыг, биеийн тамир, спортоор хичээллэх, урлагийн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхийг зөвлөсөн байна.

Эх сурвалж: БСШУСЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх