АН-аас нэр дэвшигч Х.Баттулга СЕХ-нд нэр дэвшигчийн бичиг баримтаа бүртгүүллээ

Монгол улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд боллоо. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай МАН,АН,МАХН гэсэн гурван нам энэ удаагийн сонгуульд оролцох эрхтэй талаар өмнө нь бид мэдээлсэн. Өнөөдөр 09:30 цагт МАН-аас нэр дэвшигч М.Энхболд,11:40 цагт МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр нар нэр дэвшигчийн материалаа СЕХ-д хүлээлгэн өглөө. Харин хамгийн сүүлд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга бүртгүүлэв. Нэр дэвшигчийг бүртгүүлэх үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Манай нам 8-р Их хурлаа хуралдуулж,бүх гишүүдийн санал асуулгаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан. Бид өнөөдөр СЕХ-д хуулийн дагуу 17 хуудас бүхий бичиг баримтаа бүрдүүлэн нэр дэвшигчээ бүртгүүлэхээр ирлээ” гэв. Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгөх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат,З.Нарантуяа болон тус намын бусад гишүүд байлцав. Монгол улсын Сонгуулийн хуулийн дагуу СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч,энэ сарын 14-ний дотор нэр дэвшүүлэх эсэх шийдвэрээ гаргаж, энэ сарын 17-ний өдөр нийтэд зарлах юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 6-ны өдөр эхлэх юм байна.                  

Ж.Бат

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх