Замын-Үүдэд УАЗ-469-ийн хөшөөг босгоно

 

Монголын  авто уралдааны “Мөнгөн шонхор”клубын залуучууд Замын-Үүдэд УАЗ-469 машины хөшөөг босгохоор төлөвлөжээ. Тэдний энэ санаачлагыг Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна. Өнөөгийн байдлаар УАЗ-469 машины цорын ганц дурсгалын хөшөө уг машиныг үйлдвэрлэдэг Ульяновск хотод байдаг ажээ. Монгол залуучуудын босгохоор төлөвлөж буй УАЗ-469 машины хөшөө нь дэлхийд хоёрдах төдийгүй Азид анхных нь болох юм байна. Саяхан БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Эзний хошууны машин моторын клуб”-ын санаачлагаар тус улсад бартаат замын бага оврын жийпны тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд уг тэмцээнд манай улсын “Мөнгөн шонхор” авто клубийн тамирчид алдарт УАЗ-469 машинаараа оролцож, тэргүүн байрт шалгарч,алтан цомын эзэн болоод иржээ. УАЗ-469 машин нь өнгөрсөн зуунд Монголчуудын алба амин хувийн ажлыг залгуулдаг жинхэнэ итгэлт  унаа болсон бөгөөд тэд энэхүү машинаар зах зээлийн ороо бусгаа үед амьдарлаа залгуулдаг байсан нь нууц биш юм. Зарим Монгол иргэд уг алдарт машиныг орчин үеийн хурд хүч сайтай Япон загварын жийпнээс сайн машин гэж үнэлдэг байна. Түүнчлэн монголчууд энэхүү машинаар жил бүр бартаат замын “Мастер кросс” тэмцээнийг зохион байгуулдаг юм. УАЗ-469 машин нь хамгийн анх Ульяновскийн автомашины үйлдвэрийн дамжлагаас 1972 онд гарчээ. Түүнээс хойш уг машин олон янзын шат дамжлагыг туулсаар 1985 онд өнөөгийнхөө хэлбэрийг олсон байна. Одоогийн байдлаар алдарт УАЗ-469 машин нь УАЗ-469Б загвараар Ульяновскийн автомашины үйлдвэрт үйлдвэрлэгдэж байгаа юм байна.                            

           

Ж.Бат

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх