С.Батцэцэг Ази тивийн аваргаас алтан медаль хүртлээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо зохиогдож буй Ази тивийн чөлөөт бөхийн тэмцээнд оролцож байгаа манай тамирчид  дараалсан өндөр амжилтуудыг  үзүүлсээр байна. Уг тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин С.Батцэцэг,спортын мастер Г.Уртнасан нарын туршлагатай тамирчид оролцож байгаа бөгөөд 63,75 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж,гавьяат тамирчин С.Батцэцэг 63 кг-д хүч үзэж, анх удаагаа Ази тивийн аваргын алтан медалийн эзэн боллоо. Гавьяат тамирчин маань эхний тойрогтоо БНСУ-ын бөх Хан Жин Ёныг цэвэр ялж,хагас шигшээд Энэтхэгийн бөх Риту Ритуг мөн цэвэр ялсан байна. Алтан медалийн төлөө тэрээр арлын Японы бөх Аяны Гимпейтэй хүч үзэн цаг дуусахаас 5 секундын өмнө цэвэр ялж,Ази тивийн аварга болжээ. Гавьяат тамирчин С.Батцэцэг нь чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга боловч энэ нь түүний Ази тивийн аваргын анхны алтан медаль юм. Японы тамирчинтай барилдах үед тэрээр толгойгоороо С.Батцэцэгийн уруулыг хүчтэй мөргөж гэмтээсэн боловч манай тамирчин шантралгүй барилдан тэмцээнээ дуусгасан байна. Харин уг тэмцээнд анх удаагаа оролцож буй спортын мастер Г.Уртнасан Узбекстан улсын тамирчин Нулифар Гадаевтай барилдаж, цэвэр ялан хагас шигшээд Хятадын бөх Палихад цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлөжээ.                      

Ж.Тэмүүлэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх