БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өнөөдөр /2021-02-02/ Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.

Цахим хуралд нийт 67 удирдах албан тушаалтан оролцож өнгөрсөн 7 хоногийн шуурхай зөвлөгөөнөөр Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлуудын хэрэгжилт болон цаг үеийн асуудлуудаар мэдээлэл солилцсон.

Хурлыг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нээж, Засаг даргын Тамгын газрын, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг нэгдсэн мэдээллийн тоймыг танилцуулж, өнгөрсөн 7 хоногийн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалттай биелснийг дуулгалаа.

Тухайлбал: Баянгол дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гэр хорооллын 8 хороодын 8650 өрхийг ид хүйтний үед сайжруулсан шахмал түлшээр үнэ төлбөргүй хангах ажлыг зохион байгуулж, Таван толгой түлш ХХК-тай байгуулсан гэрээний дагуу таталт, хангалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар Молекул биологийн лаборатори 1-р сарын 28-ны өдрөөс ашиглалтад орж, хоногт 1300-1500 орчим сорьцыг шинжлэн, үйл ажиллагааг нь жигдрүүлэх бусад төрлийн шинжилгээг эрчимжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг ханган ажиллаж байгаа талаар, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой нэгдсэн мэдээлэл хийсэн юм.     

Түүнчлэн Баянгол дүүрэг өнгөрсөн 7 хоногт “Сууц өмчлөгчдийн холбоо”-дын 800 ажилтныг PCR шинжилгээнд хамруулж, байруудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийхэд Нийслэл болон дүүргийн ЗДТГ-аас ариутгалын төхөөрөмж, шаардлагатай бодисуудаар хангаж ажилласан.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй 170 гаруй нийтийн байрны нэгдсэн судалгааг гаргаж, байруудын эзэдтэй хамтран оршин суугчдыг урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах, хяналтыг чангатган ажиллаж байна.

Энэ үеэр хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон хороодын Засаг дарга нар дүүргийн Шуурхай штабтай уялдаа холбоогоо сайжруулж, иргэдээ мэдээллээр хангах ажилд анхаарахыг удирдлагаас зөвлөлөө.

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга С.Ариунцэцэг өнгөрөгч 7 хоногт Коронавируст /Ковид-19/ халдварын батлагдсан тохиолдол илэрсэн голомтын болон, маршрут дагуух халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж нийт 17 чиглэлд бүрэлдэхүүнээрээ ажиллаж, гэрээт компаниудын ариутгал, халваргүйтгэлийн бодисууд чанарын шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавин ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.

Хот тохижилт, нийтийн аж ахуйн чиглэлээр “Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ”-ын дэд захирал Б.Ганчулуун дэлгэрэнгүй мэдээлэл хийж “Хөл хорионы дэглэм болоод, сар шинийн баяр ойртож буйтай холбоотой хогийн хуримтлал 25-40 хувиар нэмэгдсэн ч өнгөрсөн 7 хоногт 565 удаагийн тээвэрлэлтээр 1982 тонн хог хаягдлыг тээвэрлэж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд 3 бригад ажиллан, зохион байгуулалт болоод техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажилтнуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна” гэв.

Түүнчлэн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс өнгөрөгч 7 хоногт бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж ахмадуудад төрөөс олгодог “Насны хишиг”-ийн мөнгөн олговорыг “И-халамж” шинэ системтэй холбох, сар шинийн баярыг угтан аль нэгэн байгууллагад харъяалагддаггүй ахмадуудад чиглэсэн ажил зохион байгуулах, мөн дүүргийн 9000 орчим одонтой ээжүүдийн мэдээлэл, дансыг холбох зэрэг ажлуудыг зохион байгуулж буйгаа тайлагналаа.

Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дараах чиглэлүүдээр үүрэг даалгавар өгсөн. Үүнд:

Ø  Сар шинийн баярыг угтаж иргэдийн зорчилт хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбогдуулан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс ААН-үүдэд хийх хяналт шалгалтаа үргэлжлүүлэх

Ø  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс удирдамж гаргаж сар шинийн баяраас өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, ариутгал халдваргүйтгэлийг ажлыг компанит ажил өрнүүлэн зохион байгуулах

Ø  БГД-ийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ээс хуваарь гарган Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд гэр хороолол бүхий хороодын дарга нараас гурван төлөөлөл 7 хоног бүр мэдээлэл хийж байх

Ø  Сар шинийн баярыг утгаж Баянгол дүүргийн ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх ажлыг хорио цээрийн дэглэмийн дагуу ямар хэлбэрээр зохион байгуулах боломжтойг судалж танилцуулахыг Нийгмийн хөгжлийн хэлтэст тус тус үүрэг болголоо.