БНХАУ-ын Эрээн өртөөнөөс ачаагаа ачуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд...

БНХАУ-ын Эрээн өртөөнөөс ачаагаа ачуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагад тус өртөөний өргөн царигийн төмөр зам дээр вагонд ачаа ачиж тээвэрлүүлэх үйл ажиллагааны дараалал болон шаардагдах хугацааны мэдээллийг тайлбартайгаар хүргэж байна.

"Ковид-19" коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд авто замын боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо багасаж, БНХАУ-ын Эрээн хотод хүлээгдэх Монгол Улсын импортын ачаа нэмэгдэх болсонтой холбогдуулан Монголын талын хүсэлтийн дагуу Эрээн өртөөн дээрээс өргөн царигийн төмөр замаар ачаа ачих ажиллагааг зохион байгуулж эхлээд байна.

Эрээн өртөөний өргөн царигийн төмөр замын вагонд кранаар ачих боломжтой ачааг БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн ордны Худалдааны танхимын зөвшөөрлөөр ачиж байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сарын эхний 18 хоногийн байдлаар 283 вагон импортын ачаа ачигдаж, 240 вагон улсын хилээр орж ирсэн байна.

Иймд Эрээн боомтоос Монгол Улс руу импортлох ачааг өргөн царигийн төмөр замын вагонд ачиж тээвэрлүүлэх хүсэлтийг ачаа илгээгч буюу БНХАУ-ын иргэн, хуулийн этгээд нь Эрээн хотын Ардын засгийн ордны Худалдааны танхимд тавьж шийдвэрлүүлэхийг анхаарна уу.

Түүнчлэн нарийн царигийн төмөр замын вагонд ачаа ачиж тээвэрлүүлэх үйл ажиллагаа нь БНХАУ-ын хилийн болон төмөр замын байгууллагын дүрэм журмын дагуу Эрээн өртөөний хүчин чадалд суурилан хэрэгжиж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх