Д.Дамба-Очир оо, нэрсээ зарла!

“Эрдэнэт” үйлдвэр компанийг тойрсон элдэв маргаан тасрахгүй байна. Өнгөрсөн пүрэв гаригт “Өдрийн сонин”-д нэгэн ярилцлага гарчээ. Тэр ярилцлагын эзэн нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Тэрээр дуучид, бөхчүүд нь байна уу, УИХ-ын гишүүд нь ч байна уу, төр гэсэн нэрийн дор шахаа, гэрээ хийдэг байсан нь үнэн гэдгийг зарлажээ. Эрхэм гишүүн 23 настайгаасаа тус үйлдвэрт ажилласан байна. Тиймээс энэ үйлдвэрийн гал тогоон дахь асуудлыг нарийн мэдэх хүмүүсийн нэг хэмээн өөрийгөө тодорхойлжээ. Магадгүй  л юм. Гэхдээ түүнд дутагдал байна. Үнэхээр тэр гал тогоонд чанагдаж бүх сэтгэл зүрхээ шингээж ажилласан юм бол шахааны бизнесийг цэгцлэхгүй яасан юм бол? 

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭЭРЭМДСЭН ШАЛТГААН

Стартегийн ач холбогдол бүхий саалийн ганц үнээ гэгдэг томоохон үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд авчрах үйл явц олон шүүмжлэл дагуулсан. Гэхдээ төр дангаар 100 хувь эзэмшихээс илүүтэй хувийн хэвшил 49 хувийг нь мэдэж байх нь давуу талтай гэдгийг эрүүлээр сэтгэдэг хүмүүс хэлсээр байгаа ч хүчгүйдэж буй.

Нэгэнт Монголын талд “Эрдэнэт үйлдвэр” компани ирсэн ч хувийн хэвшлийн эзэмшилд очих нь хөрөнгөжих, мөнгө босгох явдлыг боомилно хэмээн харуусч буй эрх мэдэлтнүүдийн айдсаас үүдэлтэй төр төмөр нүүрээ харуулан дээрэм хийсэн нь олны дургүйцлийг хүргэж байгаа юм. Гэвч дөргүй бух шиг зүтгэсээр ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөөх нь тодорхой боллоо. Гэхдээ юманд учир суманд занги бий.

Аливаа зүйлийг харлуулахаас урьтан ирээдүйд ямар өгөөжтэй вэ гэдгийг зөв тооцоолох нь төрийн үүрэг. Ингэж байж л улсын эдийн засагт томоохон хувь нэмрийг оруулах нь дамжиггүй. Магадгүй улсын төсвийн дийлэнх орлогыг бүрдүүлсээр атал нэмж мөнгө оруулах шаардлагагүй гэх аминчхан үзлээр хандахыг ч үгүйсгэхгүй.

 ХЭРЭГЖДЭГГҮЙ ШИЛЭН ДАНС 

Д.Дамба-Очир гишүүн “Эрдэнэт үйлдвэр” компанийн бүх худалдааг ил тод, шилэн данстай болгох хэрэгтэйг дурдахаа мартсангүй. Ингэхдээ тендерээр худалдах, худалдан авах ажиллагааг явуулахыг сануулаад амжиж. Гэвч тендер нэртэй хуйвалдааны горыг амсч дуусаагүй байгааг олон түмэн гэрчилнэ.

Ялангуяа бизнесийнхэн үүнийг тод томруунаар хэлээд өгөх биз. Манайхаас өөр оронд бизнесийн хуулийг ягштал мөрддөг бол бид эсрэгээр нь хийдэг шүү дээ. Түүнээс гадна Шилэн дансны тухай хууль байгаа ч огт хэрэгждэггүй. Ялангуяа “Эрдэнэт үйлдвэр” компани өдийг хүртэл шилэн дансаа хөтөлж байгаагүйг хэвлэлүүд шүүмжилж ирсэн. Энэ дашрамд, худлаа хийрхэж шахаа хийдэг хүмүүсийг мэддэг гэхийн оронд нэр устай нь зарлах хэрэгтэй байгаа юм.

Бид “Баримт бий, нэрсийг нь зарлана” гэх хуурай үгэнд хууртахаа больсон, бас ингэж хэлдэг эрхмүүд их төлөв шантаажчингууд байдаг гэдгийг эрхэм гишүүнд сонордуулъя.

Мэдээж бизнесийн зарчмаар бүхий л зүйлээ ил тод болгох учиртай. Гэвч энэ нь бидний хувьд бүтэшгүй мөрөөдөл. Учир нь төрийн мэдлийн аж ахуйн нэг­жүүд “шахааны” бай болсоор өдий хүрснийг түүх гэрчилнэ. Харин үүнээсээ салах тун чиг дургүй байгааг “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлээсээ дээрэмдсэнээс харж болох юм. Үнэн хэрэгтээ шахааны гэрээ нь хээл хахуулийг хөхиүлэн дэмждэг “хоол” нь. Тиймээс шахаачдын хэн нь ч хоолноос салахыг хүсэхгүй учраас эрх мэдэлтнүүдийг ашиглаж буй. Тэр дунд эрх мэдэлтнүүд ч бас багтаж байгаа л даа.

Ер нь хээл хахуулийг мэдсээр байж нуун дарагдуулах нь гэмт хэрэг. Гэтэл мэдэж байна, зарлана шүү гэдэг үгээр займчуулан хам хэрэгтэн гэдгээ зарлаж байгаа Д.Дамба-Очир гишүүний эр зоригийг магтан дуулах нь зүйтэй. Харин үүнийгээ бодитоор хэрэгжүүлж олноо алдаршин баатар болох боломж түүнд бий. Тиймээс шахааны эздийг нэр устай нь зарлахыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос шаардаж байна.

АВЛИГЫН ЭСРЭГ СТАНДАРТ 

Саявтархан гадны экспертүүдээр авлигаас хэрхэн ангижрах тухай хичээлийг манай төрийн болоод төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн заалгаад авна лээ. Учир нь манай улс авлигын индексээр “толгой дээгүүр” яваа юм. Хөгжил буурай орны тоонд багтдаг ч авлигын цэцэглэлтээр хөгжиж буй орнуудаас ч өндөр байгааг эдийн засагчид онцолж байна. Үүнээс салахын тулд юу хийх ёстой вэ.

Дэлхий дахинаа авлигатай тэмцэхийн тулд авлигын эсрэг ISO-37001 гэх стандартыг өнгөрсөн жил баталжээ. Үүнийг манай улсад нутагшуулах ажлыг хувийн хэвшил хийж өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд Стандартчилалын үндэсний зөвлөлөөр бат­луул­сан байна. Энэхүү стандартыг хэрэг­жүүлснээр авлига буурна, хуулийн хэрэгжилт хангагдана.

Түүнээс гадна хөрөнгө оруу­лагчдын итгэл сэргэж олон улсад Монгол Улсын нэр хүнд өснө гэсэн байгаа юм. Аливаа зүйлийн өрсөл­дөх чадварыг тодор­хойлохдоо стандартын дагуу хийсэн эсэхийг дэлхий нийт нягталдаг. Тиймээс энэ стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь авлигыг ор үндэсгүй арилгахгүй юм гэхэд илт бууруулах боломжтойг гадны экспертүүд онцолж байна. Даравч далдайж, булавч бултайгч эрхэм авлигыг эзэдтэй нь дарах “Хадны мангаа” эх оронд минь нутагшсан нь сайн хэрэг. Харин хэрэгжүүлэхээс татгалзан мартагдсан дууль болгох вий гэх болгоомжлол бас байгаа аж.

Тиймээс авлигыг цэцэглүүлэн хөгжүүлдэг албан тушаалтан, хувь хувьсгалын бай­гуул­лагууд нэвтрүүлэхээр шам­дахыг найрсагаар зөв­лөж байна. Учир нь төрийн байгууллагынхан үүнээс жийрхэж буйг албан бус эх сурвалж хэлж байсан. Мэдээж энэ нь өнөөх л шахаа, шахааны гэрээ бас бусад орлого олох боломжийг боомилно. Харин хувийн хэвшлийнхэн найрсгаар хүлэ
эн авсан байна лээ.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх