Монголын бизнесийн 10 сургууль олон улсын магадлан итгэмжлэл авлаа  

Монгол улсын санхүү эдийн засаг,бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг 10 Их дээд сургууль саяхан олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авчээ. Өнгөрсөн гуравдах өдөр АНУ-ын Бизнесийн сургууль,хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөлийн Ерөнхийлөгч Жеффри Олдерман тэргүүтэй төлөөлөгчид  манай улсад айлчилсан бөгөөд төлөөлөгчдийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзжээ. Манай улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 2008 оноос эхлэн АНУ-ын Бизнесийн сургууль,хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөлтэй ажил хэргийн холбоо тогтоож,2011 оны 11-р сарын 25-нд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл АНУ-ын дээрх зөвлөлтэй хамтран хэд хэдэн сургалтыг амжилттай зохион байгуулж,мөн манай талаас ч ACBSP-ийн жил бүрийн хуралд идэвхтэй оролцож иржээ. Өнөөдрийн байдлаар манай улсын СЭЗИС,МУИС-ийн Бизнесийн сургууль,ШУТИС-ийн Бизнесийн удирдлага,хүмүүнлэгийн сургууль,”Мандах бүртгэл” дээд сургууль,”Сан”дээд сургууль,”Этүгэн”Их сургууль,ХААИС-ийн Эдийн засаг,бизнесийн сургууль,”Сэрүүлэг”Их сургууль,”Идэр” дээд сургууль,Үндэсний Эдийн засгийн Их Сургууль зэрэг 10 сургууль АНУ-ын Бизнесийн сургууль,хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөлөөр магадлан итгэмжлэгдээд байгаа юм байна. СЭЗИС нь Монгол улсаас гадаад улсад магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль бөгөөд мөн Төв болон Зүүн Азид олон улсын магадлан итгэмжлэлийн загвар сургууль болсон байна.             

Ж.Бат

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх