С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр боллоо

МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, эсэх болон нэр дэвшигчийн асуудлаар өчигдөр хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргалаа. СЕХ тус намаас нэр дэвшүүлсэн намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзсан хууль бус шийдвэрийг гаргасан тул түүний оронд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг  нэр дэвшүүлэхээр болсон байна. Бага чуулганы гишүүдийн олонх нь түүнд саналаа өгчээ.

Өчигдөр хуралдсан МАХН-ын Бага чуулган хэвлэлийнхэнд хаалттай өрнөсөн. 13:00-16:00 цагт хуралдсан Гүйцэтгэх товчооны хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Эхнийх нь тус нам сонгуульд оролцох эсэхээ тохирсон. Үүний дараа сонгуульд   оролцсон тохиолдолд нэр дэвшигчийн асуудлыг хэрхэх талаар ярилцаж хэд хэдэн хувилбар дэвшүүлсэн гэсэн юм. Өмнөх хурлаар гишүүдийн 100 хувийн саналаар баталж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн намын дарга Н.Энхбаярыг  СЕХ бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэж үзэж  холбогдох байгууллагаар хянуулахаар хандсан ч хуулийн хугацаанд амжихааргүй байгааг ярилцжээ.

Монгол Улсын гавьяат хуульч С.Наран­гэрэл хүсэлтээ ирүүлсэн ч сон­гуулийн зардлаас шалт­­гаалан өөрөө нэрээ татсан гэсэн мэдээлэл хур­лын үеэр гарсан. Ин­гээд дөрвөн хүний нэ­рийг Гүйцэтгэх тов­чоо, Бага чуулганд оруулж хэлэлцүүлсэн.  Олон­хийн санал авсан дөрвөн хүн нь Хүний эрхийн хуульч, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Мон­гол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан ”босоо” С.Ганбаатар, “Насны зам” компанийн захирал, Дорнод аймгийн МАХН-ын Түмтийн дарга Ж.Энхжаргал нар байсан. Бага чуулган дээрх асуудлаар 16-20  ца­гийн хооронд шуурхай хуралдсан. Энэ хурлаас гишүү­дийн олонхийн сана­лаар УИХ-ын ги­шүүн асан, “босоо” С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх