Энэ жилийн сонгууль адилдаа адил годилдоо годил болно

Энэ жилийн наадам хурдан болоосой гэж зарим хүмүүс яарна. Яагаад гэж зарим хүмүүс бодож байж болох юм. Учир нь тэд наадмаар хэд хоног амарч, бүхэл хонь зооглон бас янз бүрийн хуушуур идэн найрлацгаана. За яахав тийм байдаг юм байж. Харин нэг сонин юм гэвэл энэ жилийн наадмыг шинээр сонгогдсон Монгол улсын Ерөнхийлөгч нээнэ. Тэгвэл удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль маань ямар болох бол гэж хүмүүс бодож байж магадгүй. Хүмүүс ийм үг сонсож дасжээ. Ямар болохов дээ. Зуд болдогоороо боллоо, малчид тусламж гуйдгаараа гуйлаа гэдэг шиг л болох болно. Яагаад гээч?

Учир нь: энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр том улс төрийн бүлэглэлийн хооронд өрнөх нь нэгэнт тодорхой болчихлоо.

Өөрөөр  хэлбэл: Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль урьд өмнө болж байсан Ерөнхийлөгчийн сонгуулиудаас огтхон ч ялгаагүй сонгууль болно. Яагаад гэж та асууж магадгүй. Яагаад гэвэл нэр дэвшигчид нь тэртээ тэргүй тодорхой болчихлоо шүү дээ.
Улс төрийн нэг инээдтэй шоу юм уу даа? Хэн нь хэн бэ? гэдэг нь аль хэдийн тодорхой болчихсон байхад заавал энд үзмэрч мүзмэрч авчирч сүйд болоод яахав. АН-ынхан жүдоч Х.Баттулгын нэрийг дэвшүүллээ. 
МАН-ынхан   улс төрийн маш том бүлэглэлийн толгойлогч  
М.Энхболдын нэрийг дэвшүүллээ.
Харин урагдаж сэмэрсэн тугтай МАХН-ынхан
 С.Ганбаатарыг дэвшүүлэхээр боллоо.

Тэгэхээр угаасаа тэртээ тэргүй сонгууль ямар болох нь ойлгомжтой болж ирж байна. Яагаад гэвэл сонгууль гэдэг чинь угаасаа мөнгөтэй хүний хийдэг ажил. Тэгэхээр АН ч яахав тэртээ  Женко Менко гээд мөнгө хөрөнгө гаргачих чадалтай нөхдүүд. Нөгөө МАН гэдэг нь бас ойлгомжтой мөнгөөр хахаж цацсан улс. Харин хөөрхий Н.Энхбаярын намынхан тэр тал дээр жоохон гундуу хүмүүс байдаг. Тийм болохоор эндээс нэг гаргалгаа гарч ирж байна.

Улс төрийн сонгууль биш, хэн мөнгөтэй нь ялах магадлалтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл улс төрийн намуудын сонгууль биш, мөнгөтэй улс төрийн бүлэглэлүүдийн сонгууль маягийн юм болох нь. Тэрнээс биш, юун тэр ард түмнийхээ төлөө боож үхнэ, амь насаараа дэнчин тавина энэ тэр гэж юу байхав.

Ард түмний гэсэн үг энд ерөөсөө байхгүй. Тэгээд ядаж байхад энэ гурван нэр дэвшигч гурвуулаа муу нэртэй луу данстай. Тэрнийг нь яриад яахав, Монголын ард түмэн тэртээ тэргүй мэдэж байгаа. Ийм л хүмүүс энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд шоудахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Харин сонгогчид нь: Монголчууд та нар. Энэ хоёрын хэн нь ч сонгогдсон угаасаа урьд өмнөхөөсөө ямар ч ялгаагүй юм болно. Бас л наадмаар үг хэлж, бас л энд тэнд улсын мөнгөөр гадаадад айлчилна. Гэхдээ энд нэг үгийг хэлж болно. Тэр нь юу вэ гэхээр заавал ийм хүмүүсийг Ерөнхийлөгчөөр   сонгох хэрэг байна уу даа? Эд нарын төрийн төлөө сонгуульд саналаа өгөхөө байчихая л даа. Тэглээ гээд ямар гэмт хэрэгтэн болчих юм биш. Тэгээд ч эд нар Ерөнхийлөгч боллоо гээд намайг ямар хажуудаа дуудаж авчраад дарга болгох юм биш. Тийм болохоор зарим хүмүүсийн хэлдэг шиг  эд нарын төлөө саналаа өгөхгүй байх санал дэвшүүлж байна.            

Ж.Батдорж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх