Б.Аззаяа: Миний өөрийн уран бүтээлүүд түлхүү дуулагдана 

   Батжаргалын Аззаяаг монголчууд тэр дундаа одоогийн өсвөр насны хүүхдүүд андахгүй байх. Ийнхүү нэрлэсний учир “Дуу төрлөө”, “Хүүхэд нас”, “Аз жаргалын шувуухай” зэрэг хүүхдийн олон гоё дуунуудыг дуулж олон нийтэд хүргэсэн билээ. Түүнчлэн дуучин Б.Аззаяа маань энэ сарын 27-нд буюу бямба гарагт өөрийн анхны бие даасан “Сүүн далай ээж” нэртэй тайлан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр одоо “Их засаг” их сургуулийн  Хуулийн ангийн хоёрдугаар курсийн оюутан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна. 

 

-Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа Азаадаа баяр хүргэе. Уран бүтээлийн олз омог ихтэй байна уу?

 

-Баярлалаа. Тоглолт, шинэхэн уран бүтээл гээд ойрд ажил ихтэй байлаа. 

 

-Азааг багаасаа дуулж эхэлснийг мэдэх юм байна. Хүүхдийн ордноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн үү?

 

-Би дөрвөн настайгаасаа эхэлж дуулсан. Тэгэхээр надад дууны багш байхгүй ээ. Түүнчлэн би хүүхдийн ордонд явж байгаагүй. Хүмүүс намайг Хүүхдийн ордонд явж байсан гэж ойлгоод байдаг юм шиг байна лээ. Ер нь бол  цэцэрлэгийн маань дуу хөгжмийн багш н.Оюун миний дуулах авьяасыг нээж өгсөн. Авьяасыг минь нээж өгсөн багшдаа одоо хэр нь талархаж баярлаж явдаг. Тэр цагаас хойш өнөөг хүртэл уран бүтээлээ хийгээд явж байна

 

- Анхны бие даасан тоглолт байх тийм үү?

 

-Тиймээ. Миний анхны бие даасан тайлан тоглолт. 

 

-Тоглолтод нь хичээн уран бүтээл дуулагдах вэ?

 

-Нийтдээ 20-иод дуу дуулагдана. Багадаа дуулж байсан дуунуудаас гадна сүүлд хийсэн шинэхэн уран бүтээлүүд маань дуулагдах болно. 

 

-Одоо зааж сургадаг гарын багштай болсон уу?

 

-Байхгүй. Миний хувьд продюсертэй болсон. 2016  студийн  Тумбар ахтайгаа хамтарч ажиллаж байна. 

 

 

-“Сүүн далай ээж” тоглолтын онцлог нь юу байх бол?

 

-Тоглолтын цагаас эхлээд л онцлог нь гарч ирнэ. Тодруулбал, тоглолт энэ сарын 27-ны өдөр 13:00 болон 18:00 цагаас гээд хоёр удаа тоглогдох байгаа. Өдөр бол бага насны хүүхдүүд болон ЕБС-ийн сурагчид үзэх боломжтой. Түүнчлэн тоглолтод миний өөрийн уран бүтээлүүд түлхүү дуулагдаад явна. Мөн циркийн үзүүлбэр, бүжигчид, амьд хөгжмийн хамтлаг зэрэг тоглолтын гэнэтийн бэлэг  олон байгаа. 

 

-Бусад дуучид уран бүтээлчид орох уу?

 

-Хамтарч дуулсан уран бүтээлчид маань оролцоно. Мөнхийн Реп хамтлагийн Лхагва болон Мийгаа ах,  СТА Л.Солонго эгч, Э.Сэр-Од дүү гээд хамтран дуулсан уран бүтээлчид оролцох болно. 

 

-Тоглолт болоход хэдэн хоног үлдсэн байна. Бэлтгэл хангагдсан байна уу?

 

-Тоглолтын бэлтгэл 100 хувь хангагдсан байна. Тайлан тоглолтоо тавихад бэлэн болсон байгаа. 

 

-Анхны тоглолт учир бага зэргийн сандрал байна уу?

 

-Жаахан сандарч байна. Гэхдээ бэлтгэл сайн байгаа учир алзахгүй байх аа. 

 

-Тоглолтоо хийх санааг хэн гаргасан бэ?

 

-2016 студийнхэнтэйгээ хамтарч ажиллаад 13 жил болж байна. Анх таван настайгаасаа  хамтарч ажилласан. Тиймээс хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад тоглолт хийх санаагаа гаргасан. Тэгэхээр арав гаруй жил дуулсан уран бүтээлээрээ тайлгасан тайлан тоглолт юм. 

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх