Х.Ганболд: А.Басхүү багш аа, МЧБХ-нд хэрүүл биш хөгжил хэрэгтэй байна

Чөлөөт бөхийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, олон жил үнэнчээр зүтгэсэн хүмүүсийн нэг бол яах аргагүй ОУХМ, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Х.Ганболд. Тэрээр одоо ч гэсэн чөлөөт бөхийн спортдоо хоёргүй сэтгэлээр зүтгэж, МЧБХ-ны техникийн албыг нь хариуцан ажиллаж байна. Түүнтэй МЧБХ-ны дотоод зөрчлийн талаар ярилцлаа.
 

 

-Шигшээ багийн бүтэц, бүрэлдэхүүн тодорч ажил нь ч урагштай явна. Гэвч хэрүүл, тэмцлээс салаагүй л байна?

 

-Үнэнийг хэлэхэд, одоогийн энэ бүтэц, бүрэлдэхүүн ахад нь их таалагдаж байгаа шүү. Хийж байгаа уралдаан, тэмцээн нь ч маш сайхан зохион байгуулалттай болж байна. Гэвч энэ сайхан ажлуудыг нь үгүйсгэж, буруушааж байгаа хүмүүс байна аа, байна. Үүнд жаахан сэтгэл дундуур явдаг. Бид эв нэгдэлтэй байж л энэ спортынхоо оргилд очих ёстой юм шүү дээ.
 

 

-Үгүйсгэж буй хүмүүсийн дунд үндэсний шигшээ багт багтсан тамирчид хүртэл бий?

 

-Үүнийг л ерөөсөө ойлгохгүй байна. Монгол Улсын үндэсний шигшээ багт багтчихаад дасгалжуулагчдынхаа үгэнд орж, холбооныхоо ажлыг үгүйсгэж, өөрсдийн гаргасан амжилтаа буруугаар ашиглаад байгааг нь үнэхээр гайхаад байгаа юм. Харин ч холбооныхоо удирдлагуудтай нэг санаатай, нэг зорилготой баймаар санагдах. Гэхдээ ингэж тамирчдаараа бамбай хийж байгаа багш нар энэ бохир явуулгаа болих хэрэгтэй. Хүүхдүүдийг хохироож болохгүй шүү гэдгийг хатуу анхааруулмаар байна. Мөн багш нарынхаа турхиралтаар хөдөлж байгаа тамирчдыг өөрсдийнхөө ирээдүйг хорлож байхаар амжилтаа ахиулаад тив, дэлхийн аваргадаа яв гэж захья даа. Тэдний гавьяа шагналыг хэн ч булааж авахгүй шүү дээ. Алдар нэрээ өөрсдөө л авч явна.
 

 

-Холбоотойгоо хэл амаа ололцдоггүй дасгалжуулагчдын гол толгойлогч нь А.Басхүүг гэх юм. Та бол А.Басхүүгийн унаган шавь. Тэгэхээр хэн хүнээс илүүтэй түүнийг сайн мэдэх байх. Үнэхээр энэ хагарлыг бий болгосон гол хүн нь А.Басхүү мөн үү?

 

-Энэ зохион байгуулалттай гэж хэлж болохоор өдөөн хатгалтын цаад эзэн нь А.Басхүү багш гэдгийг надаар хэлүүлэлтгүй чөлөөт бөхийнхөн бүгд мэднэ. А.Басхүү багш энэ холбооноос авдгаа авч, үзэх зүйлээ ч үзсэн хүн. Тэгэхээр одоо мөрөөрөө ажлаа хийж яваа хүмүүсийг хагаралдуулахаа болих хэрэгтэй. Уг нь олон сайхан шавьтай шүү дээ. Тиймээс багшдаа хандаж, Монголдоо чөлөөт бөхийг хөгжүүлэх талаар л гэхээс биш хэрүүл бүү оруулж ирээчээ гэж хэлмээр санагддагаа танай сайтаар дамжуулж уламжилмаар байна.
 

 

-Саяхан А.Басхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чөлөөт бөхийн энэ их хагарал бутрал бол Ч.Дамдиншарав гэж хүний хийсэн гай” гэж хэлсэн байна билээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

 

-1982 онд Дамдиншарав багшийг улсын шигшээ багийн ахлахаар ажиллаж байсан үед нь би тамирчнаар ирж байлаа. Тийм болохоор энэ хүний талаар мөн л сайн мэднэ. Тамирчдын сахилга, дэг журмыг сайн сахиулж, бэлтгэл сургуулилтыг нь хийлгэдэг байсан. Тиймээс би Басхүү багштай санал нийлэхгүй байна. Дамдиншарав багш өнөөдөр хэдэн настай билээ. Гэтэл бэлтгэлийн хувцас өмсөөд зааланд хүүхдүүдтэй байнга бэлтгэл хийдэг гээд бод доо. Өнөөдөр ийм хүн өөр спортод байна уу, байхгүй. Нас дээр гарсан ч чөлөөт бөхөө хөгжүүлэх гээд яаж явж байна. Үүнээс л бөхдөө ямар их сэтгэл зүрх гаргадгийг нь харж болно. Монголын чөлөөт бөхийн алтан үеийн хүн шүү дээ. Тэгэхээр буруутгаж болохгүй. Басхүү багш маань МЧБХ-нд юу хийх гээд ингэж улайраад байгааг нь ойлгохгүй юм. Ерөнхий нарийн бичгийн дарга хийх гээд байгаа юм байх даа. Одоо болих хэрэгтэй, өөрийнхөө хэр хэмжээг мэддэг байх хэрэгтэй. Тэрний оронд залуучуудаа дэмжиж ажиллаад заавар, зөвлөгөө өгөөд явж байсан нь дээр байлгүй дээ.
 

 

-Энэ эх захгүй хэрүүл тэмцлээс үүдээд МЧБХ олон ч ерөнхийлөгчийн нүүр үзсэн. Олон ч хөрөнгө оруулагчаа алдсан. Сүүлдээ бүр холбоонд хөрөнгө оруулах сонирхолтой байгууллага, хувь хүн ч олдохгүйд хүрч байх шиг?

 

-Тийм шүү. Байдал энэ хэвээрээ үргэлжлээд байх юм бол Чинбат шиг, Дагвадорж аварга шиг сэтгэл гаргаж хөрөнгө оруулалт хийх хүн олдохгүй. Увайгүй ахархан бодолтой хэдэн хүнээс болоод л тэд холбоог орхиход хүрсэн. Олон жил МЧБХ-нд зүтгэж яваа хүний хувьд хэлэхэд Дагвадорж аварга шиг ерөнхийлөгч холбоонд байгаагүй. Дагвадорж аваргыг дэлхий танина. Харин чөлөөтийн тамирчдыг бөмбөрцгийн бөх сонирхдог хүмүүс л танина шүү дээ. Дагвадоржийг хардаж, гүтгэсээр байгаад л явуулсан. Өөрсдөө сахилга бат алдчихаад хэлэхээр нь дарамталлаа гэдэг байсан. Тэр үнэнийг хэлдэг байсан болохоор олон хүн хорсдог байсан болов уу. 
Шүүгчийн зардал бүтэхгүй болчихлоо гэхэд л халааснаасаа гаргаад өгчихдөг. Өмнө нь шүүгч нар дандаа хаягддаг байв. Дагвадорж аварга гарч ирээд л шүүгч нарыг хувцастай болгосон, тамирчдыг хүртэл ээлжийн хувцастай болгосон. Хэзээ манай тамирчид брэндийн хувцас ээлжилж өмсдөг байлаа. Риогийн олимпод оролцсон багш, дасгалжуулагчдын буруу үйл ажиллагаанаас болж хэчнээн төгрөгөөр торгуулав. Тэр торгуулын /50 мянган швейцарь франк/ мөнгийг нь муу нэртэй МЧБХ-ны Удирдах зөвлөлийнхөн л төлсөн. Шүүгч нар дээр тавьсан торгуулиудыг ч барагдууллаа. Одоо МЧБХ үнэхээр бүсээ чангалж байна. Өнөөдөр улс эх орны эдийн засаг ямар байгаа билээ, энэ хүнд үед холбоогоо зөв удирдан чиглүүлж яваа хүмүүсээ буруушаагаад байх хэрэггүй л болов уу. Үнэндээ юм бодвол бодохоор цаг хугацаа болсон шүү.

 

 

-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон хурал дээр та А.Басхүү багшийгаа нэлээд даацтайхан шүүмжилж байсан санагдана?

 

-Миний багш шүү дээ гэж бодоод гаргасан алдаа дутагдлыг нь нуун дарагдуулж олон жил хэлээ хазаж, амаа чимхэж явсан. Тэр хурал дээр би үнэнийг л хэлсэн. Уг нь унаган шавь гэдэг чинь багшийн төрсөн хүүхдээс ялгаагүй байдаг. Гэвч багш маань АНУ-ын виз гаргаж өгнө гээд надаас өдөр, шөнөгүй 5000 ам.доллар нэхэж байгаад авч байсан. Миний визийг гаргаж өгсөн л дөө. Гэхдээ би АНУ-д хараар ажиллаагүй. Тэмцээнд оччихоод л тамирчидтайгаа хамт буцаад ирсэн. Зөвхөн надаас ч биш олон хүнээс виз гаргаж өгнө гээд мөнгө авсан байдаг юм.
Ер нь МЧБХ-ны визний наймаа гэдэг бузар зүйлийг ганц Басхүү багш л хийсэн шүү дээ. Багшаас өмнөх үед ийм зүйл байгаа ч үгүй. Ямар ч гэсэн энэ хугацаанд Басхүү гэж хэн бэ гэдгийг бөх сонирхогчид хангалттай мэдэж авлаа. Ярилцлагынхаа төгсгөлд Басхүү багшдаа хандаж хэдэн үг хэлмээр байна. Та  Цогтбаяр, Хосбаяр, Баяраа, Энхбаяр, Пүрэвбаатар, Наранбаатар нарыг турхираад холбооны эсрэг үйл ажиллагаа явуулахаа болиоч ээ. Холбоог хууль бусаар авах гэсэн таны хүсэл биелэхгүй. Өмнө нь энэ холбоог та 20 гаруй жил удирдсан. Одоо хангалттай биш үү гэж хэлье дээ.

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх