Х.БАТТУЛГА: 30 ХҮРЭХГҮЙ ГЭР БҮЛИЙН ТӨЛӨӨ ЮУ, ГУРВАН САЯ МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨ ЮУ

Х.Баттулга: “Монгол Улс 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая монголчуудын төлөө юу” гэдэг шийдвэрийг гаргахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Хүч тэнцвэргүй тулаан болно. Бидэнд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, гадаадын зөвлөхүүд бүгд байхгүй ч эгэл монголчууд, ардчилагчид байна. Тиймээс энэ сонгуульд бид ялна, монголчууд, Монгол ялна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос гардан авсныхаа дараа өөрт нь баяр хүргэхээр Эрх чөлөөний талбайг дүүргэн цугларсан олон түмэнд хандан хэлсэн үгэндээ онцлон дурдлаа. Энэ үеэр АН дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй намын удирдлагууд болон АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, Х.Баттулгын охин Б.Намуун болон олон мянган дэмжигчид, ардчиллын партизанууд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч байгаа Х.Баттулгад баяр хүргэхээр хүрэлцэн иржээ. Тэднийг төлөөлж шилжилтийн үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Д.Бямбасүрэн нэр дэвшигчид алд цагаан хадаг, мөнгөн аягатай сүү өгч амжилт хүслээ. Д.Бямбасүрэн: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын гишүүд дэмжигчид, эх орноо гэсэн сэтгэлтэй монгол түмнийхээ хүсэл, дэмжлэгийг хүлээж нэр дэвшиж, үнэмлэхээ гардсан эрхэм нөхөр Халтмаагийн Баттулгадаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол түмний хайртай хүү, монгол төрийн далбааг дэлхийн тавцанд мандуулж явсан Х.Баттулга таныг нэр дэвшигчээр тодруулсан АН-ын гишүүд дэмжигчдэдээ, монголчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Нэр дэвшигч нөхөр минь ээ, Монгол төр бол Их Эзэн Чингис хааны төр. Чингис хаан төрийн тэргүүн болохдоо “Би хадааас болж төрийг бэхлэн сахиж, Аргамжаа болж улсыг барин хатуужсуу” хэмээн тангарагласан билээ. Монгол төрийн үе үеийн удирдагчид энэ гэрээс тангаргийг санаж явдаг. Өнөөдөр монголчуудын шийдэх асуудал өвөрмөц. Ардчилсан хувьсгалын ачаар монголчууд асар их зүйлийг олж авсан ч гэсэн цаг үеийн долгионд цохигдож, өнгө бүдэгхэн амьдарч байгаа ч гэсэн өнөөдөр Ерөнхийлөгчөөсөө мөнгө харахгүй, хүүхдүүд чихэр горьдохгүй, настангууд дулаан хувцас горьдохгүй ээ. Монголд өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, язгуур эрхийг хадгалах төрийн тэргүүн хэрэгтэй. Монголын нийгэмд шударга ёс хэрэгтэй. Бид сонголтоо хийгээд нэг жилийн хугацаа хүрээгүй байна. Сайхан амлалтын цуурай тасраагүй, амлалтаасаа няцсан үйлдлийн тоос замхраагүй байна. Ийм үед монголчууд бид ухаалаг сонголт хийх ёстой. Монголын ард түмний аз хийморийн тэнгэр өндөр байхыг ерөөж байна” гэсэн юм. Иргэний зориг Ногоон намаас АН-ыг дэмжиж ажиллахаа мөн энэ үеэр мэдэгдлээ. Тус намын хувьд 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигчийг дэмжиж байсны адил Х.Баттулгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, албан тоотыг АН-ын дарга С.Эрдэнэд тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Мөнх-Эрдэнэ гардуулан өгсөн юм. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ: “Энэхүү талбайд цугласан Ардчилсан намын эрхэм журмын нөхөд, Иргэний зориг ногоон намынхандаа, иргэддээ, сонгогчид та бүхэндээ Ардчилсан намын удирдлагын нэрийн өмнөөс, нэр дэвшигчийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга маань сая албан ёсны нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авлаа. Бид сонгуулийн хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөх болно. АН үе үедээ сонгуулийн бүхий л явцад дандаа шударгаар өрсөлдөж ирсэн. Бид хэзээ ч сонгуулийн хуулийг зөрчиж байгаагүй. Тийм учраас бид биш харин бидэнтэй өрсөлдөж байгаа намууд шударгаар өрсөлдөхийг би АН-ын даргын хувьд уриалж байна. Ингээд АН-ын нэрийн хуудас болж, АН-ын мянга мянган гишүүд, Монголын ард түмний, ардчиллыг дэмждэг иргэд сонгогчдын итгэл найдварыг өвөрлөн АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Х.Баттулгадаа мянга мянган гишүүдийнхээ өмнөөс амжилт, ялалтыг хүсэн ерөөе” гэсэн юм. Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэмжихээр цугларсан олон мянган гишүүд болон нэр дэвшигч, намын удирдлагууд Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх