Ханш тогтворжиж эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарах нь

  Нэгэн үе чангараад байсан ам.долларын ханш одоо л тогтворжих янзтай болов. Тодруулбал, энэ оны гуравдугаар сараас төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтворжсон ч 2,100 байсан ханш 2,400 рүү хүрсэн билээ. Гэхдээ үүнд бодит нөхцөл байдалд ханш эдийн засгийн суурь хүчин зүйлтэйгээ нийцтэй гэж ойлгох хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулж байсан юм. 

Түүнчлэн тоон үзүүлэлтийг харвал Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2013 оноос хойш байнга алдагдалтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл, гадаадаас орж ирэх ам.доллар 2013 оноос хойш хомсдож байв. Харин үүнтэй зэрэгцээд Төв банкнаас 2012 оноос хойш долоон их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээр зах зээлд дарамт учруулсан байгаа юм. 

Мөн Засгийн газраас баримталж байгаа бодлого, Монголбанкнаас авч байгаа мөнгөний бодлого болон гаднаас авч байгаа зээлээс босгосон 500 сая ам.долларын “Мазаалай” бонд болон 250 сая ам.долларын синдикат зээлүүд нөхөж байв. Гэвч 2016 оны сонгуулийн сүүлээр Эрдэнэтийн төлбөрт их хэмжээний валют гадагшилснаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш огцом сулрах нөхцөлийг бүрдүүлжээ. 

Ийм нөхцөлд Төв банкны шинэ удирдлага шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч ажилласан. Юун түрүүнд бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн. Ингэснээр валютын эрэлт үүсгэж буй илүүдэл төгрөгийг Төв банкинд эргүүлж татах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж чадсан байдаг. Мөн бодлогын хүүгийн коридорыг тэгш бус хэмтэй болгож, 3 сарын хугацаатай ТБҮЦ арилжаалж эхэлсэн нь ханшийг тогтворжуулахад үр дүнгээ өгч, гадаад валютын нөөц нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2016 оны эцэст 1296 сая ам.доллартай тэнцсэн билээ. 

Тэгэхээр төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Монголбанкнаас авч байгаа бодлого яв цав таарч байгаа учраас өндрөө аваад ханш ийнхүү тогтворжиж, үнийн хөөрөгдөлтийг бууруулж байгаа юм. Ханш тогтворжих нь эдийн засагт эерэг үзүүлэлт, үр гарахын нэг илрэл байдаг. Ингэснээр ард иргэдийн амьжиргаа, худалдан авах бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих, буурах зэрэг үзүүлэлтүүд зах зээл дээр гарч ирнэ. 

 Түүнчлэн ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улс тус сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон гэсэн таатай мэдээллийг олон нийтэд дуулгалаа. Энэхүү үйл явдлын талаар  “Сангийн яам”, “Монголбанк”, “ОУВС”-гийн суурин төлөөлөгчийн газар хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Энэхүү хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай, хөтөлбөрийг ОУ-ын түншүүд дэмжиж, Азийн Хөгжлийн банк болон Дэлхийн банк, Япон, Солонгос улсуудаас урт хугацааны, хөнгөлөлттэй, бага хүүтэй төсвийн санхүүжилтээс гадна БНХАУ-ын Төв банкны хэлэлцээрийн үр дүнд 5.5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Зөвхөн ОУВС-гаас гэхэд 314.5 сая зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын санхүүжилтээр дэмжих юм. Эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголд орж ирнэ" гэлээ. Түүнчлэн Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкны дансанд эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар орж ирсэн юм. Улмаар Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа гэсэн чихэнд чимэгтэй сайхан мэдээлэл байгаа юм.

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх