Түүхээ сөхвөл: Жигээ сайд

УИХ-ын гишүүүн Ж.Бат-Эрдэнийн бичсэн "Түүхээ сөхвөл" цувралаас танилцуулж байна.

Миний бие 2000 онд Дэд бүтцийн яамны харья Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийг газарт даргаар очлоо. Яамны сайд нь Б.Жигжид гээд мундаг хүн байлаа. Манай яаманд барилга, нийтийн аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, эрчим хүч, холбоо, аялал жуулчлал гээд улсын гол салбарууд нэгдсэн дэргэдээ олон агентлагуудтай том яам байлаа. Төмөр замын Раш, замын Буд, хяналтын Лхагва, эрчим хүчний Баярбаатар гээд л олон жил салбар удирдсан лунзгар дарга нар байдаг байлаа. Сайдын шуурхай гэж нүсэр хурал долоо хоног өнжөөд нэг болно. Дандаа улс орны хүнд асуудлуудыг ярьж шийдвэрлэнэ. Тэнд эрчим хүчний шугам тасарлаа, энд дулааны шугам хагарлаа, Цахилгаан станцын нүүрсний нөөц дууслаа гэх мэтчилэн байнгын бэлэн байдал, аваар осолгүй ажиллагаа, улс орны хэмжээний асуудлууд яригдана. Хавар өнгөрч дэлгэр зунтай золгож хүн малын зоо тэнийж байхад манай яаман дээр ирэх өвлийн бэлтгэл хангах ажил яригдаж байх жишээтэй. Сайдын шуурхай дээр олон жил агентлаг, салбар удирдсан томчуултай зэрэгцээд авто тээврийн салбараа ярьж зарим асуудлыг сайдын анхааралд хүргэж танилцуулна гэдэг шинэков надад том даваа байдаг байлаа. Анхны хурал дээр Жигээ сайд залуу дарга нар туршлагатай ахмадуудаасаа сайн суралцаарай гэж хатуухан хэлж билээ. Тэр цагаас хойш нэр байхгүй болж залуу дарга гэдэг нэртэй болов. Залуу дарга нар гэж Эрүүл мэндийн сайд асан Шиилэг бид хоёрыг хэлж байгаа юм. Шийлэг тухайн үед аялал жуулчлалын агентлагийн даргаар очсон байлаа.

Жигээ сайд маань өндөр шаардлагатай ёжтой хатуу үгтэй, эрчим хүчний салбарын сайдаар олон жил ажилласан сайн муу, хатуу хүтүүг үзсэн хүнийг ажиллуулж чаддаг, салбараа мэддэг сайд байж билээ. Шуурхай дээр ширээний дээд талд сайд, газрын дарга, агентлагийн томчуул дараалаад сууна. Шийлэг бид хоёр тээр доор сууна. Асуудлаа дээрээсээ дараалж ярина. Голдуу тулгамдсан шинжтэй том асуудлууд ярина. Над дээр ирэхэд ярианы эрч буурч сайд сонсох төдий л өнгөрөх шиг болно. Харин залуу дарга гэж байгаад дандаа л сургаал айлдана. Хаяа юм бодогдохоор ч үг хэлнэ. Сайдыг залуу дарга гэж дуудах бүрт бассан, үл тоосон юм шиг санагдаж уур хүрч дотроо их шаралхдаг байж билээ. Ажил авснаас хойш удаагүй байтал сайдын зөвлөлийн хурлаар шинэ дарга нарыг авч хэлэлцэнэ гэж дуулдав. Хүмүүсээс сураглах нээ ёстой нэг хөлс ба...ийг шахаж өгнө дөө, сайн бэлдээрэй гэж айлгана. Миний хувьд сургуулийг нь төгссөн юм болохоор уг нь ажлын хувьд бас ч учиртай. Би чинь Эрхүүгийн политехникийн дээдийг авто инженерээр төгссөн хүн шүү дээ. Гэхдээ л айдастай. Ингээд нөгөө өдөр нь болж сайдын зөвлөл нь хуралдлаа. Бид ч шалгалтанд орох гэж байгаа оюутан шиг ээлжээ хүлээж яамны коридорт зогсоно. Томчуул бол хаяа ирж ээлжээ асуучхаад дээгүүр доогуур газрын дарга мэргэжилтнүүдийн өрөө хэсэж кофе цай эргүүлдсэн шиг явна. Миний ээлж болж намайг хариуцаж байгаа бололтой яамны газрын ахлах мэргэжилтэнтэй хоёулаа орлоо. Тээр дээр сайд голлоод суучихсан газрын дарга нар ширээ тойроод суучхаж. Төрийн захиргаа удирдлагын газрын дарга намайг танилцууллаа.

Тэндээс яг мэргэжлийн автын залуу юм байна гэж хэн нэгэн нь шивнэж дуулдаж жаахан тайвшрав. "За Бат-Эрдэнээ хийж байгаа болон хийх гэж байгаа ажлаа ярь" гэж сайд тэндээс албархуу хэлэв. Би ч нэг юм хирэндээ л хичээгээд ярьж гарлаа. Гэтэл ярьж дуусаагүй байтал "Болно"гээд зогсоочхов. Очков авна гэж бодож салбартаа хийхээр төлөвлөж бэлдсэн гол хэдэн асуудлаа ярьж амжсангүй. Хий дэмий амаа хэд ангалзуулаад түгдчээд л зогслоо. Бас л намайг гүйцэд сонссонгүй. За тэгтэл дарга нар энэ тэндээс намайг унагах л зориулалттай бололтой сонжсон шалгасан асуултуудаар булж гарав. Тэгж байтал сайдын ээлж ирлээ. Намайг түрүүнээс хойш ажиглаж суусан сайд хоолой засаад нөгөө л хатуу үгтэй сургаал даалгавраа өгөв. Гол нь миний ярих гэж байсан асуудлуудыг мэдсэн юм шиг надад эргүүлээд ярьдаг байгаа. Гэтэл тэр асуудлуудыг нь би аль хэдийн сайдын нэр дээр албан бичгээр бичээд одоо миний хажууд суугаа мэргэжилтэндээ өгчихсөн байдаг. Сайд, дарга нар намайг ажлаа мэдэхгүй ногоон нойл гэж бодож байгаа байхдаа гэж бодохоос л уур хүрээд хөлс гоожоод явчихлаа. Хажуудах мэргэжилтэн рүүгээ харсан чинь нөгөөдөх юу ч болоогүй юм шиг цаашаа хараад суучихдаг байна ш дээ. Улам бүүр уур хүрээд наадахыг чинь би мэднээ, танд хүргүүлчихсэн шүү дээ. Энэ нөхөртөө хэл гээд хажуулдах нөхрөө заамдаад авмаар болов. Гэнэт сайд " Бат-Эрдэнэ ээ, чи дэвтэр цаас аваад миний хэлж байгааг бичиж авдаггүй юм уу" гэж нэлээн уурлангуй хэлэхэд нь ухаан орж гартаа дэвтэр харандаа бариад зогсож байгаагаа санаж билээ. Тэгээд гараад миний саналуудыг сайдад өгсөнгүй албаар намайг унагалаа гэж нөгөөх мэргэжилтэндээ хуурай агсам тавьж би чи дээ тулж өрөөнд нь арай л зодоон цохиондоо хүрсэнгүй.

Түүнээс хойш сайд надад улам хатуурхаад миний хийсэн, санаж сэдсэн болгоныг шүүмжилж өөлж голоод байгаа мэт санагддаг болов. Ингээд жилийн эцэс болж сайдтай хийсэн үр дүнгийн гэрээ дүгнэгдэх болов. Би ч гэрээ ч яамай энэ албан дээрээ үлддэг болов уу л гэж бодох болов. Дүн ч гарлаа. Би ямар дүн авсан гэж санана? Онц буюу хангалттай. Жигээ сайдынхаа наана аа хатуу ч цаанаа хүнийг үнэлж дүгнэж чаддаг байсныг нь би тэр үед даанч олж харж чадаагүй юм. Ээ дээ. Энэ хатуу үг сонсож чаддаггүй, биеэ өмөөрдөг, арьсаа хамгаалдаг, хүнд муу хэлүүлчих вий гэхээс ухаан алдталаа айдаг зан чанар уу. Аргагүй дээ. Аав ээж ах дүү, хэдэн сайхан найз нартаа магтуулж эрхэлж дураараа дургиж бас доргиж, дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй явсан надад том сургамж болсон. Одоо бол "Шүүмжлэл бол удирдагч хүний амин тэжээл юм" гэж хэлэх дуртай болсон.

Тийм ээ. Шүүмжлэлийг хүлээж аваад өөрийгөө , ажлаа засаад л урагшлаад бай. Нэг мэдэхэд та өөрөө мэдэлгүй мэдлэг туршлага хуримтлуулчихсан байх вий. Би Жигээ сайдаасаа маш ихийг сурсан. Түүнийгээ би тээр сүүлд мэдсэн. 2007 онд ЗТАЖЯ-ны ТНБД болоод нөгөө л том ширээнийхээ ард, нөгөөх л доор нь суудаг байсан томчуул дарга нарынхаа дээр суугаад хурал удирдахдаа, асуудлыг шийдэхдээ Жигээ сайдынхаа арга барилыг аль хэдийнээ авчихсанаа, тэр хүнээс их юм сурснаа мэдэрсэн. Ингэхэд сүүлд сонсох нээ. "Тэр сахалтай нөхөр чинь сайдын зөвлөл дээр хөмхийгөө зуугаад зогсоод байсан овоо эр шүү" гэж нэг дарга нь хэлсэн гэдэг. Овоогоо ч алд даа. 

Булган-Эрдэнэт 
2017-5-28

 

Эх сурвалж: www.zuv.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх