Б.Чойжилсүрэн: 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ

Төсвийн байнгын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаар Улсын УИХ-ын гишүүн,  Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

 

Тэрбээр танилцуулгадаа “Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа УИХ-ын  2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан гэдгийг дурдлаа.

 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тусгасан. 

 

Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 18 зорилт 99 арга хэмжээний хүрээнд нийтдээ 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэлээ. 

 

          Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

 

Аялал жуулчлалын салбарын хөгжил хувийн хэвшлийн нуруун дээр явж ирсэн

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: 
 -Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг солонгоруулах, өргөжүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.  Өнгөрсөнд аялал жуулчлалын салбарын хөгжил хувийн хэвшлийн нуруун дээр явж ирсэн. Иймд энэ асуудалд төрийн бодлого гарган хандахаар болсон. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, авто зам гээд дэд бүтцийг хөгжүүлэх, шууд нислэг нэмэх, аймгуудад нисэх буудал барих, жуулчдыг татах цогцолбор, үзмэр барих шаардлагатай байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал суманд Чингис хааны цогцолбор барихаар төлөвлөсөн. Энэ хүртлэх 270 км хатуу хучилттай авто зам барих, Хөвсгөл аймгийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбох гээд бодлогоор хандах асуудлууд байна. Үүнд төсөв, хөрөнгө ихээхэн шаардлагатай байгаа. 

 

ОУВС-ийн хөтөлбөрт багтсан нь  засаг сайжирлаа, тогтвортой боллоо гэсэн баталгаа биш 

 

УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар: 

 -ОУВС-ийн хөтөлбөрт багтсан хэдий ч энэ нь Монгол Улсын эдийн засаг сайжирлаа, тогтвортой боллоо гэсэн баталгаа биш. Иймд Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2018 онд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй ажиллах хэрэгтэй.  Түүнчлэн ОУВС-тай тохирсон зүйл дээрээ хатуу байр суурьтай байх шаардлагатай. 
УЦС бол өөрийнхөө өртгийг нөхдөг үйлдвэрлэл. Ийм төсөл хэрэгтэй байна 

 

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Үндсэн чиглэлийн баримт бичгийг нэлээн сайн үндэслэл дээр батлах нь ёстой. Баруун аймгуудын хувьд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих асуудал анхаарал татдаг. УЦС бол өөрийнхөө өртгийг нөхдөг үйлдвэрлэл. Өнөөдөр бид урд хөршөөс 280 төгрөгөөр 1 киловатт цахилгааныг авч байна. Тус төслийн ТЭЦҮ-г харахад 37 төгрөгөөр 1 киловатт цахилгаан авах юм байна. Иймд төсөлд түлхүү анхаарал тавих хэрэгтэй. 

 

Эх сурвалж: www.unen.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх