УИХ-ын дарга М.Энхболдын гэргий, доктор Ж.Туяацэцэгийн “Би” нэвтрүүлэгт оролцох үеэр хэлсэн онцлох 10 ишлэл

1. МОНГОЛ ОРНЫ ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАА Ч ОЧСОН БАГШАА ГЭЭД УГТДАГ ШАВЬ НАРТАЙ БАЙДГААРАА БАХАРХДАГ.

Хүн бүр амьдралын зорилготой, утга учиртай амьдрахыг хүсч мөрөөддөг. Тэрнийхээ төлөө явдаг. Би хүн болж төрсөнөөр хүнд хэрэгтэй зүйл юу хийж бүтээсэн юм бэ гэдэг асуултыг өөрөөсөө заавал асуух ёстой. Ялангуяа өндөр насны тэтгэвэрт гарахын цагт хүн өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн дүгнэх үе ирнэ. Миний хувьд багшийн хөдөлмөр эрхэлсэнээр хүнсний аж үйлдвэрийн салбарт олон мянган мэргэжилтэн бэлтгэхэд хүчин зүтгэлээ. Монгол орны өнцөг булан бүрт хаа ч очсон багшаа гээд угтдаг шавь нартай байдгаараа бахархаж явдаг.    

2.АМЬДРАЛЬД САЙН МУУ ХОЁУЛАА ТОХИОЛДОНО. ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭНЦВЭРЭЭ ЗӨВ ОЛЖ ЯВАХ ЧУХАЛ. 

Ирээдүйгээ хүн үргэлж сайн сайхнаар төсөөлдөг. Мэдээж хүний амьдралд сайнаас гадна муу зүйл бас тохиолдоно. Энэ бүхэнд тэнцвэрийг нь зөв олж явах л чухал. Амьдралдаа муу муухайг давамгай байлгахгүйн тулд бид өөрсдөө сайхан зүйлийг илүүтэй бодож, хийж бүтээх чин эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Адгууснаас ялгаатай хүн биеийг олж төрсөн учраас нэг амьдрах насаа бусдын төлөө зориулах нь хамгийн ухамсартай, утга учиртай амьдрал гэж итгэдэг.    



3.НААДМЫН ҮЕЭР АЧААЛАЛ, АЖИЛ ИХТЭЙ Ч ТЭР ӨӨРӨӨ БАЯРЫН НЭГ ХЭСЭГ ГЭЖ БОДОХООР САЙХАН БАЙДАГ.

Манай гэр бүл наадмаар их завгүй байдаг. Манай хүн 10 гаруй жил наадмын комиссын дарга хийсэн. Үндэсний сайхан баяр наадмаар үзэж харах юм ихтэй байлгах, тав тухтай орчин бүрдүүлэх, аюул ослыг бууруулах зэрэг олон юманд анхаарч их завгүй ажилладаг. Миний хувьд ч гэр бүлийнхээ баярын дээл хувцасаа бэлдэнэ. Хурдан морины уяа сойлгонд ажиллаж байгаа ах дүү нарын хоол ундыг бэлдэнэ. Хүй 7 худаг дахь манай гэрээр орж гарсан хүн бүрийг сэтгэл хангалуун байлгахын тулд хоол ундаа хүрэлцээтэй бэлдэхээс авхуулаад ажил маш их. Наадмын үеэр ачаалал, ажил ихтэй ч тэр өөрөө баярын нэг хэсэг гэж бодхоор сайхан байдаг.   

4.ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖЛИЙН ЭХ СУУРЬ НЬ ГЭР БҮЛИЙН ОРЧИН.  

Хоёр хүүхэд бидний хорьтойд, хорин хоёртой байхад гарсан. Найзууд танай хоёр хүүхэд аав ээжтэйгээ хамт өсч, өтөлж байна гэж хошигнодог. Заримдаа ач нараа хайрлаж байгаа шиг тийм их хайрыг хоёр хүүхэддээ амсуулж чадсан юм болов уу гэж гайхдаг. Хүүхдийн хүмүүжлийн эх суурь нь гэр бүлийн орчин байдаг. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг үг, үйлдэл бүрийг нь заахыг хэлэхгүй. Харин амьдралын ухаанаар буюу амьдралдаа, үр хүүхэддээ, бусад хүмүүст хандах хандлага, амьдралын төлөөх зүтгэл нь хүүхдэд үгээр хэлэхийн аргагүй үлгэр жишээ, хүмүүжил болж байдаг. Тийм болохоор ач нарынхаа дэргэд биеэ авч явах, хэлэх үг дээрээ бодолтой байж анхаардаг.    



5. ЖАРГАЛ, ЗОВЛОНТОЙ АЛЬ Ч ЦАГТ ОЛУУЛАА БАЙХ САЙХАН.

Би эхээсээ наймуулаа, манай хүн дөрвүүлээ. Манайх хамаатан садан, хүн хүч ихтэй. Улсууд асуудаг юм танай хүн чинь хариуцлагатай алба хашдаг ар гэрээ ганцаараа авч явдаг уу гэж. Манайх ар гэрийн ажлаа энийг заавал эмэгтэй хүн хийнэ, тэрийг заавал эрэгтэй хүн хийнэ гэж ангилдаггүй. Аль цаг завтай, боломжтой нь ар гэрийн ажлаа хийдэг болохоор бид хоёр хоёулаа л хамтран авч явдаг гэж хэлдэг юм. Харин хоёулаа ажлын ачаалал ихтэй завгүй байх нь элбэг. Тэр болгонд ах дүү нартаа хандан тусламж авдаг. Бид хоёр ч ах дүү нарынхаа амьдралд дэмтэй, тустай явахыг хичээдэг. Ер нь жаргал, зовлонтой аль ч цагт олуулаа байх сайхан шүү. 



6. УЛС ОРНЫ НЭР ГАРАХ УЧРААС ЖИЖИГХЭН АЛДААГ Ч ГАРГАХГҮЙГ ХИЧЭЭЖ ИРСЭН.

Нөхрийгөө гадаад улс оронд зорчих, албан ёсны айлчлал хийхэд нь хамт явж байсан. Тухайн орны онцлог шинж, соёл уламжлалыг судалж ёс заншлыг нь хүндэтгэж дагана. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд байгаа хүн нэг бүр зөвхөн хувь хүн биш улс орноо төлөөлж байгаагаа ухамсарлаж биеэ маш хариуцлагатай авч явах хэрэгтэй. Улс орны нэр гарах учраас аливаа зүйлд хандах хандлага, хувцаслалт, үс засалт, өнгөний сонголт зэрэгт буруугаар хэлэгдэж, алдаа гаргахгүй байх юмсан гэж хичээж ирсэн.       



7. МИНИЙ ХАНЬ БОЛ НОЁН НУРУУТАЙ ЭР ХҮН.

Монголчууд эр хүн бол айл гэрийн ноён нуруу гэж ярьдаг. Би ч мөн энэ үгтэй санал нийлдэг, ханийгаа товчхоноор дүгнэвэл Ноён нуруутай эр хүн гэж л хэлнэ. Гэр бүл, үр хүүхэддээ халамжтай. Аав ээж, ах дүү нарынхаа төлөө их санаа тавьдаг. Ер нь их гэр амьтай хүн. Ааш зангийн хувьд зөөлөн. Хүүхдэд их хайртай. Хоёр ач, хамаатан садны хүүхдүүдийг цуглуулж эрхлүүлнэ. Хүүхдийн төлөө санаачлагатай байж, хийсэн зүйлс их бий.

8. ХАДМУУДАА АСРААД ӨДИЙ ХҮРТЭЛ ХАМТ АМЬДАРЧ БАЙНА.

Бид хоёр анх гэр бүл болохдоо шууд хурим найр хийгээд тусдаа гаръя гэж бодоогүй ээ. Хадмуудтайгаа хамт арваад жил амьдарсан. Дараа нь 7-8 жил тусдаа амьдарсан ч хөгшчүүл маань тэтгэвэрт гараад хүний асаргаа тусламж хэрэгтэй болсон учраас хадмуудаа дэргэдээ авч асарч халамжлах нь зүйтэй гэж шийдсэн. Одоо хүртэл хамт амьдарч байна. 

9. ХҮН ХАРИУЦСАН АЖЛАА БҮРЭН МЭДДЭГ БАЙЖ БУСДАД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

Москвад сургууль төгсөж ирээд Талх Чихрийн комбинатид жигнэмэгийн үйлдвэрийн механик инженерээр томилогдож ажилласан. Ажил эрхэлсэн эхний 1 жилийн хугацаанд хагас, бүтэн сайн өдөр амарч үзээгүй. Учир нь өөрийн удирдаж байсан 10 хүнээ зөв зохион байгуулах, цаашлаад үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зогсолтгүй ажиллуулахын тулд бүх ажлаа нарийн мэдэх шаардлагыг өөртөө тавьсан. Хүн ер нь хариуцсан ажлаа бүрэн мэддэг байж бусдад үүрэг даалгавар өгөх хэрэгтэй" гэж боддог. 



10. ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ БОЛ ХАМГИЙН САЙХАН АМЬДРАЛ.

Хүн хэтэрхий шуналтай байж болохгүй. Учир нь хүн энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Иймд дааж давшгүй эд хөрөнгө хураах гэдэг амьдралын зорилго яав ч биш. Харин хүн эрүүл чийрэг, идэх хоолтой хамгийн гол нь Элэг бүтэн амьдрал бол хамгийн сайхан амьдрал гэдгийг санаж явах хэрэгтэй.