Б.Гүнзаяа  БНСУ-д 11 орны 50 гаруй модельтой өрсөлдөж байна

Олон улсын хэмжээний мисс, фото модель Б.Гүнзаяа гадны олон уралдаан, тэмцээнд оролцож дараалсан ялалт, амжилтыг үзүүлээд байгаа билээ. Түүний хувьд олон улсад миссийн тэмцээнд оролцохын зэрэгцээ моделийн карьераа ч амжилттай үргэлжлүүлж яваа нэгэн. Өөрөөр хэлбэл, Б.Гүнзаяа олон улсын уралдаанд хос морьтой оролцдог юм. Тиймдээ ч бусад миссүүдээс моделийн чадвараараа эрс ялгардаг тэрбээр сүүлийн үед энэ чиглэлээр уралдаан, тэмцээнд өөрийгөө сорих болсон.

Тэгвэл мисс, фото модель бүсгүй Бүгд найрамдах Солонгос улсад ээлжит тэмцээндээ эх орноо төлөөлөн амжилттай оролцож байна. Тодруулбал, тэрбээр энэ өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсад болж буй "Brand luxury model awards 2017"-д эх орноо төлөөлж байгаа юм. Энэхүү модель авардс зургаадугаар сарын 4-нд эхэлжээ. Нийт 11 орны 50 гаруй модель оролцож байгаа олон улсын хэмжээний тэмцээн юм байна. Тус тэмцээний чухал нэг үзүүлэлт болох гоёлын плаж, усны хувцас, гэх мэт олон төрлөөр өдөр бүр зураг авалт хийх бөгөөд тус бүр оноо цуглуулах шатлалаар явагдах юм байна. Нөгөөдөр буюу 6-р сарын 8-ны өдөр финалын шалгаруулалт явагдана.

"Brand luxury model awards 2017"-д 11 орны орон тус бүрээс хоёр, дөрөв, найм гэх мэт гишүүний бүрэлдэхүүнтэй моделиуд эх орноо төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөж байгаа аж. Харин манай улсаас мисс, фото модель Б.Гүнзаяа бусад моделиудаа түүчээлэн оролцож байгаа бөгөөд тэмцээндээ оролцохын зэрэгцээ өдөр бүр зураг авалттай байгаагаа дуулгасан юм. Тэрээр фото моделийн чиглэлээр илүүтэй ажиллах сонирхолтой учраас ийн зураг авалтад оролцож байгаа нь түүний хувьд томоохон давуу тал болж байгаа аж.

Мисс, фото модель Б.Гүнзаяа өмнө нь олон улсын мисс болон моделийн тэмцээний асар их туршлагатай учраас энэ удаа ч гэсэн "Brand luxury model awards 2017"-д амжилттай оролцоно гэсэн итгэл дүүрэн байгаа гэнэ. Учир нь тэрбээр энэ онд л гэхэд хоёр ч том арга хэмжээнд амжилттай оролцоод ирснийг уншигчид мэдэх биз ээ. Эргэн сануулахад, Б.Гүнзаяа энэ оны гуравдугаар сард  "11th Asian film awards" буюу Азийн кино наадамд Монгол Улсаа төлөөлөн алдартай жүжигчидтэй мөр зэрэгцэн улаан хивснээ алхсан. Ингэснээр тэрбээр “Азийн Оскар”-т анх удаа эх орноо нэр төртэй төлөөлсөн юм.

Үүнийхээ дараахан буюу дөрөвдүгээр сард Вьетнамын загварын долоо хоногт анх удаа эх орноо төлөөлөн урилгаар амжилттай оролцоод ирсэн билээ. Вьетнамын загварын тайзнаа Францын алдарт дизайнерын даашинзыг өмсөн алхаж, Парисын загварын долоо хоногт оролцох гардаж, бахдам амжилттай буцаж ирсэн. Тиймээс ч мисс, фото модель Б.Гүнзаяа энэ удаагийн "Brand luxury model awards 2017"-д мөн л Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, амжилттай оролцох биз ээ. Түүнд уншигчдынхаа өмнөөс өндөр амжилт хүсье. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх