МАН-ААС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН СОНГУУЛИЙН НЭЭЛТЭД ХЭЛСЭН ҮГ  

Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн гарааны зурхай дээрээс элэг нэгт монгол түмнийхээ амар мэндийг айлтган мэндчилж, сайн сайхны ерөөл өргөе.

        Та бүхнийхээ итгэлийг тээн, улс орноо хямралаас гаргах даалгаврыг өвөрлөн энэ сонгуульд би нэр дэвшиж байна.

“Ялалтын үндэс бол итгэл юм” гэсэн өвгөдийнхөө сургаалыг санаж, ялалтын төлөө, улс түмнийхээ төлөө хичээн зүтгэхээ андгайлъя.

Монгол Улс бол угтаа нэг л айл гэр юм. Гэр дотроо хэрүүл тэмцэлтэй айл өөдөлдөггүй.

 Хагацаж сарнихыг, хагарч эвдрэхийг би тэвчдэггүй ээ.

Бүтэн гэр бүл бол бүрэн төрийн тулгуур билээ.

Дүүрэн жаргалтай өрх гэр, улс орныг тохинуулахын төлөө би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна.

Бидний хүсэж мөрөөддөг сайн сайханд хүргэх шандаст хүлэг бол ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ гарцаагүй мөн.

Талцаж сөргөлдөж, тарааж нураахаа хойш тавьж, нийтээрээ нэгэн зүгт харах цаг болжээ.

Нэг зорилготой, нэгдмэл үзэл бодолтой Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газартай байх нь өнөөгийн зайлшгүй шаардлага болсон байна.

Монголынхоо язгуур эрх ашгийн төлөө бүх монголчууд нэгдэж чадвал алсын зорилгодоо хүрч чадна. Эвлэлдэн нэгдэх энэ үйл явцыг хэрэгжүүлж чадна гэсэн итгэл үнэмшил надад бүрэн байна.

Эвийг эрхэмлэх нь миний баримталдаг алтан зарчим билээ.

Би олон намын төлөөлөлтэй Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулан, удирдаж байсан. Сүүлийн жилүүдэд бүх намыг оролцуулсан ҮНДЭСНИЙ ЗӨВШИЛЦӨЛ бий болгохын төлөө хичээн зүтгэлээ.

Тиймээс би улс үндэстнээ эвдрүүлэн талцуулагч биш, ЭВЭЭР НЭГТГЭГЧ Ерөнхийлөгч байна.

Эх орны маань баялаг иргэн бүхний өмч тул түүнээс олох орлого ашгийг монголчууд бүгдээрээ хүртэх эрхтэй.

Үнэ цэнийг нь үйлдвэрлэл технологи, оюун ухааныг тэтгэх эх үүсвэр болгох ёстой. Иргэн бүрийг ажилтай, орлоготой болгоход зарцуулах хэрэгтэй.

Миний аав “Бүтээн босгох хүн л энэ улсад хэрэгтэй” гэж захидаг байсан учраас бүтээн байгуулагч байхыг би эрмэлздэг.

Тэр зарчмаараа бүтээн байгуулагч, баялаг бүтээгчдийг дэмжигч Ерөнхийлөгч байна.

Өнгөрсөн жилийн сонгуулийн амжилт бол хямралыг ялаарай гэж ард түмнээс бидэнд өгсөн үүрэг даалгавар юм.

Унаж уруудаж байсан хямралыг бид аргамжин тогтоож чадлаа. Удахгүй бид хямралаас гарна. Улмаар дахин дахин хямрахгүй байх дархлааг бүрдүүлнэ.

Ингэснээр иргэн нь баян, эрүүл саруул, эрдэм боловсролтой, айх аюулгүй Монгол болно.

Хүүхэд залуус маань хөгжих орчин, хүсэл мөрөөдлийг нь дэмжих төртэй байх ёстой. Эмэгтэйчүүдээ энэрдэг, ахмадаа асардаг, ядруугаа тэтгэдэг монгол ёсоо дээдэлнэ.

Эрүүл саруул, эрдэм боловсролтой монгол хүн л Монгол бахархлыг бүтээж чадна.

Тиймээс Монголдоо иргэнээ дээдэлсэн, дэлхийд Монголоо өргөсөн Ерөнхийлөгч байна.

Ард түмэн шударга ёс, хариуцлагыг нэхэж байна. Энэ бол хуулийн өмнө бүгдээрээ эрх тэгш байх тухай шаардлага юм. 

Тиймээс албан тушаалын ялгаваргүйгээр хууль үйлчилдэг, хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө би нэр дэвшиж байгаа юм.

Ард түмэн хүчтэй Ерөнхийлөгчийг хүсэж байгааг би мэдэрч байна. Гэхдээ энэ нь бяртай, булчинтай хүнийг хайж байгаа хэрэг биш ээ. Харин хуулиа ёсчлон хэрэгжүүлдэг төрийг хүсэж байгаа юм.

Тиймээс би хууль, шударга ёс, хариуцлагыг эрхэмлэдэг, бас нэхэж шаарддаг Ерөнхийлөгч байна.

Би юмыг нураахаас илүүтэй босгохыг хичээдэг. Улаанбаатар хотыг удирдсан он жилүүдийн минь мөрөөр нурсан балгас, ухсан шуудуу үлдээгүй ээ. Харин бүтээн байгуулалт үлдсэн. Хөгжлийн үндэс суурь тавигдсан.

Хот хэмээх их айлын зовлон, жаргалыг мэддэг хүний хувьд улсын нийслэлээ улам хөгжүүлэх цэгцтэй бодлогыг тууштай дэмжинэ.

Эх орныхоо хаана нь ч иргэн бүр нь сайхан амьдрах нийгмийг цогцлоохыг би зорилгоо болгоно. Нэг улсын дотор хотынхон, хөдөөгийнхөн гэсэн хоёр өөр Монгол байж таарахгүй. Нэг л Монгол байх ёстой. Нийтээрээ аз жаргалтай амьдрах учиртай.

Тиймээс би нийгмийн сайн сайхныг нийт ард түмэн нь ижил хүртдэг улсын Ерөнхийлөгч байна.

Даяаршсан дэлхийд Монгол өөр замаар, ганцаараа явна гэвэл хаа ч хүрэхгүй.

Тиймээс хоёр хөрш болон дэлхийн улс түмэнтэй эрх тэгш, найрсаг харилцааг улам хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ ээ.

Монголын хууль, монголчуудын эрх ашигт нийцэж, шинэ технологи, инновацийг ашиглах, эх байгальд хор хөнөөлгүй аливаа хөтөлбөр, төслийг бүрэн дэмжинэ.

Хяналт, шаардлагыг маань биелүүлж, хөгжлийн зорилгод хамтрагч болж буй хэнийг ч бид хөөж туух учиргүй.

Тиймээс би гацаах зогсоохыг биш, гарц шийдлийг зөв олдог, Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг Ерөнхийлөгч байна.

Би монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын манаач нь болохоор нэр дэвшиж байна.

Төр тогтвортой бол түмэн олон амгалан байна. Төр тогтвортой бол төгрөг ч бас тогтвортой болдог.

Төгрөг нь тогтворжихоор түмний амьдрал сайжирдаг. Энгийн бөгөөд гарцаагүй үнэн бол энэ.

Миний өрсөлдөгч бол ХЯМРАЛ, ХАГАРАЛ хоёр юм. Хэлэхээс илүү хийх нь, хямралыг давах нь, хагарсныг эвлүүлэх нь өнөөдөр хамгаас чухал байна.   

Үндэснийхээ өв соёлыг дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг, моринд дуртай монгол хүн миний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний учир шалтгаан, зорилго эрмэлзэл энэ билээ.

Морьтой монгол мохож байсан түүхгүй ээ. Харин морьтой монгол холыг туулсан түүхтэй.

Тиймээс би морьтой сүлдэндээ сүслэж, Монгол түмэндээ зүтгэнэ ээ. Эвтэй Монгол-Ээлтэй төрийн төлөө эвлэж хамтдаа зүтгэцгээе.

 

nam.mn