Валерий Никитич: МАН нийгмийн асуудлыг эерэг хөгжүүлэхээр зорьж байгаа нь харагдаж байна

“Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны удирдлага, гишүүд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооны гишүүд өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. 

Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дэмжин, хамтран ажиллах зорилготой иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” багтаж байсан юм. 

Уулзалтыг нээж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өнөөдөр Евро Азийн нүүдэлчдийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын их наадам Монголд анх удаа болж байна. Энэ наадамд хүрэлцэн ирсэн та бүгддээ баярлалаа. Үндэсний статистикийн хорооны 2016 оны судалгаагаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд улсын хүн амын дөрвөн орчим хувийг эзэлж байна. МАН-аас гаргасан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ‎2016-2020 он хүртэлх нийгэм эдийн засгийн зорилтод, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд хэвийн оролцох боломжийг бүрдүүлнэ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт сурч, хөгжих боломжоор хангана, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангасан аж ахуй нэгжийг эрх зүйн орчноор дэмжиж ажиллана гэсэн зорилтууд багтсан.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа манай нэр дэвшигчийн “Монгол гэр монгол төр” мөрийн хөтөлбөрт мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нарийн тусгагдсан” хэмээсэн юм.

НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооны гишүүн Рухледев Валерий Никитич:

Монгол ардын нам нийгмийн бүхий л асуудлыг эерэг чиглэл рүү хөгжүүлэх гэж зорьж байгаа нь харагдаж байна. Энэ зөвхөн Монголын засгийн газрын асуудал биш бүх төвшинд маш өндөр ач холбогдолтой. НҮБ-ын конвенцид заасны дагуу бид үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй ч бай, зүгээр ч бай бид бүгд хүмүүс. Энэ нь хамгийн чухал асуудал.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Б.Мөнхсаруул:

Бид хэдхэн хоногийн өмнө МАН-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ бол Монголын хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган хүний өмнө аль аль талдаа үүрэг хариуцлага хүлээж байгаа юм. Нэр дэвшигч М.Энхболд хотын дарга байх үеэс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал онцгой анхаарал хандуулсаар ирсэн. Бид хийж бүтээсэн бүхнийг ярьж, баярлаж явдаг. Цаашдаа ч мөн анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.

nam.mn