Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавихаа мэдэгдлээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

“Арга хэмжээ авах тухай” албан бичигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих…” бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” гэж заасан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 45.3-т заасны дагуу ёсчилсон хууль, тогтоолыг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ”, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгож томилуулсан тул тухайн шүүх дараагийн гишүүнийг санал болгохдоо хэнийг нь чөлөөлөхийг Улсын Их Хуралд тодорхой мэдэгдэх, улс төрийн үзэмжээр хандахаас сэргийлэх, улмаар улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хүрээнд Улсын дээд шүүхээс тодруулга авахаар хандаад байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, холбогдох арга хэмжээг авна уу” гэжээ.

Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба