БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАЖ, ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗӨВШӨӨРӨВ

Архангай аймгийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллээр вирусын тархалтын байдлыг тодорхой хэмжээнд хумиж, сүүлийн 24 цагийн байдлаар хавьтлын тоо болон батлагдсан тохиолдлын тоо буурч байгааг онцлов. Гэвч халдвар бүрэн устаагүй, ард иргэд тайвшрах болоогүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Захирамжид: Ковид-19 цар тахлын халдвар хүн амын дунд тархсан тул аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д шилжсэн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 17.00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд сунгав.

Энэ хугацаанд аймгийн хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сан, худаг усан сан, шатахуун түгээх станц, цахим банк, АТМ-ын үйл ажиллагааг өдрийн 10.00 цагаас 19.00 цагийн хугацаанд ажиллуулахаар боллоо.

Эрчим хүч, дулаан, усаар хангах, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, эмнэлэг, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Татвар хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Мал эмнэлгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагууд хэвийн горимоор ажиллах, иргэдэд цахимаар үйлчлэх бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан алба хаагчдын 5-10 хувийг нь тусгай шаардлага хангаж ажиллуулахыг аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгав.

Иргэд эмнэлгийн зайлшгүй тусламж авах, эмийн сан, түлээ түлш, зөөврийн ус, хүнс худалдан авахад өрхөөс насанд хүрсэн нэг хүнийг хөдөлгөөн хийхийг зөвшөөрч, аймагт хөл хорионы улмаас саатсан сумдын иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэг удаа нэвтрүүлэхээр боллоо.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн хөдөө сумдын хүүхдүүдэд дархвар зүйн холбогдлыг тогтоож PCR шинжилгээг хийж нэгдсэн журмаар гэрт нь хүргэх ажлыг зохион байгууллахыг Боловсрол, соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газрын дарга удирдлагуудад үүрэг болгов.

Архангай аймгийн ЗДТГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх