Таван Толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулагчдад талархал дэвшүүлж, шагнал гардуулав

 

Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Таван толгой-Зүүнбаян чиглэлийн "Шинэ төмөр зам" төслийн бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын офицер, ахлагч, ажилтан албан хаагч болоод төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын зарим бүрэлдэхүүнд Төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын Жагсаалын талбайд боллоо.

Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Зэвсэгт хүчний Барилга-инженерын цэргийн удирдах газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Энхбаяр, тус хэлтсийн төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Баасансүрэн, ЗХЖШ-ын БСТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа М.Батболд, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан, ахмад дайчин М.Баяраа, нарын бүрэлдэхүүн, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор "Гангүүр" ХХК-ийн ерөнхий захирал Б.Гантөмөр, "Өвөр залаат" ХХК-ийн дэд захирал Ц.Бат-Эрдэнэ нар, "Алтан гадас" одонгоор Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, "Туулын гүүр далай" ХХК-ийн ерөнхий захирал Э.Баярчулуун, "Өвөр залаат" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганцэцэг, "Баткубик" ХХК-ийн ерөнхий захирал Д.Батбаяр нар шагнагдлаа.

Мөн "Цэргийн хүндэт медаль"-аар Зэвсэгт хүчний 7782 дугаар ангийн хийц угсрах мужаан, дэслэгч Э.Энх-Оргил, тус ангийн өөрөө буулгагчийн жолооч, ахлах ахлагч Х.Энхнасан, ахлах ахлагч Д.Батболд, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн харуулчин О.Эрдэнэбямба нар, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга, дэслэгч Г.Ууганбаяр, тус хэлтсийн тоо хэмжээний инженер Ж.Чүлтэмнамдаг, Г.Хулан, Зэвсэгт хүчний 7782 дугаар ангийн нягтлан бодогч Д.Алтантуяа нарын инженер, жолооч зэрэг бүтээн байгуулалтад гар бие оролцсон бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүд шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

Төрийн одон, медаль хүртсэн бүрэлдэхүүнд баяр хүргэж, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд хийсэн хөдөлмөрөө төр засгаараа үнэлүүлсэн түүхэн энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах стратегийн бүтээн байгуулалтын ажилд бусад аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудтай хамтран нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлжилттэй оролцон, монгол хүн, монголчууд бие даан бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж чаддаг гэдгийг ард түмэндээ батлан харуулж чадсан томоохон бүтээн байгуулалт бол Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын төсөл байлаа.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төр засгаас даалгасан томоохон төслийг хийж гүйцэтгэснээрээ орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойдоо барьж буй томоохон бэлэг юм.

Энэхүү төслийг гүйцэтгэхэд хамтран ажилласан зам, барилгын салбарын хөгжлийн манлайлагч, үндэсний бүтээн байгуулагч 60 гаруй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, инженер, техникийн ажилчид, хамт олон, тэдний гэр бүлд талархал илэрхийлье.

Бид бүхэн “Шинэ төмөр зам” төслийн 416,1 километр төмөр замыг барьж гүйцэтгэснээр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрийн эхлэлийг тавьж чадсан түүхэн гавьяаны эзэд гэдгийг дахин онцолж хэлье” гэлээ гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд huvisal.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх